Saturday, December 29, 2007

Шинэ оны мэнд хүргэе



Өнгө өнгийн гэрлээр гацуур модоо чимэж
Өөдрөг тансаг сэтгэлээр шинэ оноо угтсан
Эрхэмсэг ноёд хатагтай та бүхний
Зүрх сэтгэлд тань баяр гийж
Зүүд үргэлжлэх цагаар нас нэмж
Зөрж өнгөрөх хоёр оны заагаар
Зүйрлэмгүй тансаг жаргалыг хүртээд
Уулзсан бүхэндээ инээд бэлэглэж
Учирсан бүхэндээ жаргал ерөөж
Шигтгээ мөнгөн чимэгтэй
Шинэ жилийн баяраа аз жаргалаар дүүрэн угтаарай.

Friday, December 28, 2007

Цас орлоо

Цас ороосой гэж мөн ч удаан хүлээсэн сэн. Том том ширхэгтэй цас зөөлөн будраад л, даанч саяхан орсон цас тийм гоё орсонгүй. Би өвлийн улиралд дургүй л дээ тэгэхдээ зөөлөн цас будран, дулаахан, том ширхэгтэй цас ороход дуртай. Дулаахан цас бударсан үдэш хайрттайгаа алхах гоё шүү. Хүн бүр л тэгж алхах дуртай гэж бодож байна. Олон жилийн өмнө хайртай байсан залуу минь яг л миний дуртай том ширхэгтэй цас орсон дулаахан үдэш алхаж явж байгаад байрны голд их томоо зүрх зураад дунд нь миний нэрийг бичиж байсан юм. Өглөө босоод цонхоор хартал цас ороод харагдахгүй болсон байсан сан. Сүүлийн үед нэг л сонин өөрийгөө ч ойлгохгүй байна. Өөрөө өөрөөсөө зугтаад хаа хүрэх гэж байгаа юм бол. Цас л орчихвол сайхан болчих юм шиг санагдаад байсан, тэгсэнгүй яагаад юм бол. Цас цагаан бас хөнгөн болохоор л би тэгж бодсон байх даа.

Буруу зүгийн салхи

Амсаад байхад дундардаггүй аягатай сүү шиг чи
Аргадаад байхад тогтдоггүй буруу зүгийн салхи чи
Уйтгарын бэл рүү зөндөө их мацлаа
Уруудаж над руу бас зовлон шидэж зугтлаа
Даарахдаа даллаж дулаацдаг хүсэл байдаг
Даанч бүтэхгүйд нь цөмөрч унадаг сэтгэл байдаг
Инээдэнд чинь эргэж шунадаг хайр байдаг
Ийм их ачааг чинь хаана очиж буулгах вэ
Урд минь жимгүй атал ухрах газаргүй
Учралын болзооноос дандаа хов хоосон буцах уу
Одод хүртэл эзэнтэй бүгд л минийх гэх юм
Он цагийн дараалалд чинь би хаана байдаг юм бэ

Мартаж болох бас мартахгүй
Манан зангирсан нутагт минь очихгүй
Зүрхэн дээр минь сүүдрээ ч орхихгүй
Зүс андуухан танил минь аль зүгийн салхи вэ
Цэцгийн гоё дээр би харцаа тогтоохоо больчихсон
Чимээгүйхэн дотроо хайраа булаад үлдсэн
Сүүлчийн ганц навчны тоосыг нь илбэж арчсан
Сүүлд нь тэгээд би олон тасдаад хаячихсан

Tuesday, December 25, 2007

Гоё амьдрал

Дvvрэн хайртай дундуурхан учралаар би мєрєєдлєє гоёдог
Дvнчvvр маани хэлсэн буурлын харцаар би бодлоо гоёдог
Дэрсхэн єсєж дэлхий хотойлгосон андаараа би итгэлээ гоёдог
Дэргэдээс минь холддоггvй жаахан гунигаар би сэтгэлээ гоёдог
Гэртээ бурхан мэт эрхэлж би ижийгээ гоёдог
Гэр барин наадсан чулуун тоглоомоор би нутгаа гоёдог
Гэзгэндээ туузтай жаахан охиноор би дурсамжаа гоёдог
Гэргий минь болоогvй хvний сайхан vрээр би хайраа гоёдог

Алдаж онохын тоогоор би ухаанаа гоёдог
Айлын хєєрхєн эхнэрээр би дурлалаа гоёдог
Агуу орчлонг туулах эр зоригоор би зvрхээ гоёдог
Амьдрал минь тэр аяараа гоёлын цуглуулга юмаа

Хоног єдєр єнжилгvй жаргалын далайд умбадаг ч ч
Хорвоогийн сvvдэр ихсэх бvр би зовлон нэмдэг
Хvйтэн салхи цээж зуравч сэтгэлдээ галтай
Хvмvvний алдхан биеэ хvртэл би зовлонгоор гоёдог

Vvлс бvхэн нvvдэллэж хураа гоёдог
Vндэс бvхэн соёолж цэцэгсээр гоёдог
Vлэмж тансаг гэгээн бvхнээр би хvслээ гоёдог
Vлдсэн насаа бvхлээр нь би vр хvvхдээрээ гоёно

Оройгvй мэт тэнгэр шувуудын цуваагаар гоёдог
Оддын шаргал гэгээгээр шєний тал гоёдог
Огторгуйн саарал манан орчлонгийн цэнхэр туяагаар гоёдог
Орчлон єєрєє надаар гоёдог, би ч бас гоё амьдрана аа
www.olloo.mn

Monday, December 24, 2007

" Яруу Сэтгэгч"

Эмэгтэй хүн аз жаргалтай байхын тулд сайн ойлгож, бага хайрла
Эрэгтэй хүн аз жаргалтай байхын тулд эмэгтэйгээ их хайрлаж, бага ойлго
" Яруу Сэтгэгч"

Секс ба Хайр дурлал

Дурлал олон янз байдаг юм байна. Сонирхолтой бас үнэний хувь ихтэй санагдлаа. Уншаад өөрийнхөө дурлалуудыг бодсон чинь өөр өөр юм байна. Хүн нэг янзаар биш олон янзаар дурладаг л юм байна. Анзаарч байгаагүй зүйлээ өнөөдөр анзаарлаа. Та бүхэн ч гэсэн өөрийгөө аль дурлалд багтахаа мэдээд аваарай.

Хайр дурлал гэхээр ганцхан байдаг гэж бодох нь том төөрөгдөл юм. Хүн төрөлхтөн олон мянган жилийн турш хүмүүс хоорондын хамгийн сэтгэл хөдлөм харьцаа болох хайр сэтгэлийг ажигласны үр дүнд нэлээд хэдэн зүйл болгон хуваажээ.
1. Агапе.
Цэвэр ариун, Гэнэт асч, хэмжээ хязгааргүй хайрлан бүгдийг нь уучилж байдаг ч удаан үргэлжилдэггүй. Энэ мэдрэмжийн эрхэнд орсон хүмүүс мэхлэгдсэн байх нь олонтоо. Дурлуулсан этгээд нь цаадахыгаа өөрийнх нь төлөө юу ч хийхэд бэлэн байгаа гэдгээр нь далимдуулан ашиглаж эхэлдэг. Гол төлөв анхны хайр ийм байдлаар өрнөдөг.
2. Строге.
Нөхөрлөл, хайр сэтгэл. Олон бэрхшээлийг даван удаан өрнөдөг бөгөөд хэр баргийн мэхлэлт нурааж чадахгүй байх нь цөөнгүй. Харилцан бие биенээ хүндлэх, халамжлах дээр тогтдог. Тэр болгон гэрлэлтээр дуусдаггүй ч гэлээ энэ мэдрэмжийн төлөө амьдрахад харамсах зүйлгүй.
3. Прагма.
Тооцоотой хайр. Хосууд нэг нэгнийхээ зан ааш, ухаан, орлого, нийгмийн байр суур зэргийг удаан судалж байж ухамсартайгаар сонголт хийдэг. Ийм мэдрэмж цаг хугацааны явцад хосуудын бат бэх гагнадаг жинхэнэ үнэнч хайр сэтгэл болох нь цөөнгүй.
4. Дон.
Анхны харцаар үүсдэг солиотой мэдрэмж. Асар их таашаал, аймшигтай гачлалтай хоёр ээлжлэн байдаг мэдрэмж. Дурласан хүн өөрөө ч зовж цаад хүнээ ч зовоож байдаг. Үр дүнд нь өөрөө юу ч үгүй болтлоо шатаад дуучихгүй бол маш их сэтгэл гутралаар дуусдаг. Үүнийг мэдрэлийн саатал гэсэн ч болно.
5. Людус.
Хайр дурлал болж тоглох. Хосууд сэтгэлийнхээ цэвэр ариун гүнд гэхээсээ илүүтэйгээр гадаад үзэмж, шоунд анхаарах. Санах мартахад ядах юмгүй. Хөнгөхөн сайхан мэдрэмж гэж болно.
6. Эрос
Бэлгийн дур хүсэл. Ийм төрлийн дурлал голдуу эрчүүдэд байдаг. Гэхдээ хүсээд байсан цайзаа эзлээд авмагц дур нь ханаад сэтгэл нь унтарч үгүй болно. Мэдээж хэрэг энэ үед өөр нэг цайзыг эзлэх хүсэл төрж эхлэнэ.
Эдгээрийн дотроос агапе, дон хоёр нь хамгийн аминд халтай гжэ үздэг. Эхнийх нь дурласан хүнд өөрт нь халай байхад 2 дахь нь дурласан дурлуулсан гэлгүйгээр эргэн тойрных нь бүх хүмүүст халтай байдаг ажээ.
http://dotno.mn/

Sunday, December 23, 2007

Хайрын тухай шvлэглэхсэн...

Эрх чєлєєндєє хэтэрхий дурлажээ
Эр сэтгэлдээ дэндvv омогшжээ гэж
Ганцаардсан vдшийн салхи шивнэлээ
Гудамжаар алхаад л баймаар хавар...
Зvvний сvвэгчээр багтах амьдралаа далай шиг бодож
Зєрєєд л єнгєрдєг охидыг дарс шиг саначихаж гэж
Бодоогvй бодол зvvдэнд зочилжээ
Бороо хурдан ороосой...
Тал нутагт минь цэцэг дэлгэрч
Танхилхан эрвээхий эргэн наадаг
Хэнтэй ч юм тэнд учрахсан
Хайртай гэж vнэнээсээ ганцхан хэлэхсэн...
Єнгєрсєн одоо ирээдvй гуравыг
Єнєєдєрт цуглуулаад
Єєр юу ч хэрэггvй гэж
Єндєр дуугаар хайрын тухай шvлэглэхсэн...
Болодын Мєнхдєл

Thursday, December 20, 2007

Дэнчин

Засмал дардан зам шиг амьдрал шулуун бишээ
Засаж өөлсөн шагай шиг төгөлдөр хүмүүн үгүй ээ
Адраа саад ихтэй, ертөнц гэдэг бэрх ч
Амьдрал чиний өмнө толгой гудайх хэнсэн билээ?

Төрөөд үхэх бие өмсөөд хаядаг гутал шүү дээ!
Төгсөшгүй мөнх зүйл сэтгэл зүрх минь биш үү?!
Мөнх ертөнцийн өршөөлгүй хууль ҮХЭЛ чамтай
Үлгэрийн халуун мөрөөдлөөр дэнчин тавинаа БИ.

*** Би явлаа***

Зүгээр л би чамаас явлаа
Зүрх сэтгэлээ аваад явлаа
Зүггүй гэнэхэн хайр минь
Зөрж дургүйцэх хэрэггүй дээ
Хайртай бүсгүйн чинь өврөөс
Хулгайлж авсан өдрүүдийг март
Хайрлахгүй байж чадахгүй нь гэж
Хайнгадуу хэлсэн үгийг чинь мартна аа
Хүлээх хэрэггүй дээ би чамаас явлаа
Хүсэл мөрөөдлөө аваад явлаа
Хүнийх болсон сэтгэлийг чинь
Хүчирч дийлэхгүйдээ харуусаад буцлаа
Би ингээд бүр мөсөн явлаа
Болчимгүй гэнэхэн хүслээ хориод
Бодлогогүй хийсэн алхмаа зэмлээд
Биэ сэтгэлээ аваад явлаа
Өөрийн болгож чадахгүйгээс хойш
Өрөвдөж битгий хайрлаарай
Өр зүрх минь өвдөж ханалаа
Өнчин дэрэн дээр уйлж цөхөрлөө
Хожимдож учирлаа даа гэж
Хувь заяандаа гомдох хэрэггүй ээ
Болох л юм болоод өнгөрсөн гээд
Бодолдоо хайрлан жаргалтай амьдар даа
Өрөөлийн жаргалаас хумсалж амьдрах хүсэл алга аа
Өөрийнхөө хайрыг хайхаар явлаа
Би эндээс нэг мөсөн явлаа
Оюунаа

Wednesday, December 19, 2007

4-н мөртүүд

Мєнхийн аз жаргал хэзээ хаана байсныг
Магад маргааш л ганцхан мэднэ
Намар vдийн ялаа нарыг vл тоомсорлох нь
Нээрээ, жаргалын vнэ цэнэ зєвхєн мэдэхгvйд л байна гэх шиг
2001 он

Тансаг vнэр сєнхийж шанхны vс хийсгэлээ
Тас хар єнгє цааш гунхах нь бурхны таалал гэлтэй
Толгой гудайн араас нь дvр ургуулан алхахуй
Танил vнэр чинь уруул илбэхvйяа би цочлоо
Тээр цааш булан эргэж vзэгдлээ, юусан билээ
Тиймээ чи сайхан vнэр шигээ салхинд замхраад vгvй болсон ч
Тэр vдэш надад алчуураа дурсгаад явсанаа мэдээгvй
Танихгvй бvсгvй
2001 он

Эрээнтэй бараантай хорвоогийн єнгєнд би дурлаад
Ээдрээт хувь заяаны зовлонг би яалтайв
Эзэнгvй єнчин хайраар зvрх сэтгэл минь юугаа хийх вэ
Эргэж ч харалгvй орхиод одсон он цагийг дурснам
2001 он

Болодын Мєнхдєл

Tuesday, December 18, 2007

Би

Бvгдэд би улам таалагдах гэж
Бvрэг бас намуухан суудаг
Бvvр дотносож тэднийг таних гэж
Бєєрєнхийдvv бас хэнэггvй царайлдаг
Эрхгvй би хэн нэгнийг vнэлэхдээ
Этгээд мэт зан гаргаж мэтгэлцдэг
Эргvv тэнэгийг хайрлан єрєвдєхдєє
Чив чимээгvй хvндэтгэн єнгєрєєдєг
Байгаагаараа би байж л байдаг
Баримал бурхан биш билээ л
Тиймдээ ч би хамелон шиг хувирч
Тэр охидын зvрхэнд гэрэл шиг шагайдаг

...Алдаанд дургvй ч засах аргаа олдог
Атаанд дургvй ч зайлах аргаа мэддэг
Айдсаасаа айдагч аргалах нvхээ хайдаг
Амьдралд хайртай ч буцах цагаа мэдэрдэг
Vнэн худал хоёрыг адилхан vнэлж
Vнэмшиж итгэж чадвал зоосны хоёр тал гэж
Єєрийгєє тайвшруулж цоглог амьсгалдаг
Vлгэрт итгэдэг нулимстай нvдээ би
Зудтай хvйтэн сэтгэлд жиндэж царцдаг
Гантай халуун зvрхэнд хайлж урсдаг
Мэдэхгvй жилийн байхгvйн ордонд тєрсєн
Мэргэдийн сvнсний сvvдэр тєдий билээ би

Мэдэхэд илүүдэхгүй болов уу

Би сэтгэж байгаа учир оршин байдаг. Декарт

Ухаантай хариулт авахын тулд ухаантай асууж сур Гёте

Хүмүүн хол бодлогогүй болбоос ойр зовлон буй Күнз

Явах хүсэлтэйг нь хувь заяа хөтөлнө, хүсэлгүйг нь чирнэ. Сенека

Сэтгэл санааны тоогүй байдалтай тэмцэж чадаагүй хүмүүс амархан мохдог. Аристотель

Хэрвээ та амьдралдаа хайртай бол цагаа бүү үр

Thursday, December 13, 2007

Би бүсгүй хүн



Хээрийн чулуун гэрт үлдсэн дурлалын хойноос толгой гудайх араншингүй
Хэн нэгний өмч биш би бүсгүй хүн.
Эзгүй хоосон сэтгэлийн орон зайгаа дүүргэх хайраа эрж байгаа
Эгэл нэгэн аавын хүүд дурлах эрхтэй би бүсгүй хүн.



Wednesday, December 12, 2007

Би ганцаараа байна


Тэнгэрийн хаяанд ганц шувуу үзэгдэх шиг
би ганцаараа байна
Тэргэл саран усанд дүрсээ харах шиг
би ганцаараа байна
Түүдэг гал эзэнгүй талд гэнэт асах шиг
би ганцаараа байна
Өнчин хийлийн эгшиг өөрийгөө сонсох шиг
би ганцаараа байна
Хойд насандаа болзсон амрагууд дахин уулзах шиг
би ганцаараа байна
Хажуугаар зөрөх цаг хугацаа зогсож эргэн харах шиг
би ганцаараа байна
Хэлбэр дүрсгүй орон зай хавар хувирах шиг
би ганцаараа байна
Хорвоогийн нэгэн зайд би өөртэйгөө уулзах шиг
би ганцаараа байна

Tuesday, December 11, 2007

Хvсэл минь миний амьдрал

Бороо шиг би асгарахыг хvснэ
Болор мєнгєн одод шиг гялалзахыг хvснэ
Газар ундаалж унатлаа би гялалзана
Газарт бутран унахдаа улам гоёмсогоор гялалзана
Солир шиг би харвахыг хvснэ
Сондор мєнгєн сар шиг гэрэлтэхийг хvснэ
Дэлхийд татагдан унатлаа гэрэлтэнэ
Дэлхийд шингэн орохдоо улам хурцаар гэрэлтэнэ

Цэцэг шиг би ургахыг хvснэ
Цэв цэх тэнгэр єєд тэмvvлэхийг хvснэ
Тэнгэртээ хvрээд хугаран унатлаа ургана
Тасдуулж, хугарсан ч улам эрхэмсэгээр оршино

Булаг шиг би ундрахыг хvснэ
Бvр дотроосоо оргилохыг хvснэ
Боргилон урссаар амьсгал тасартлаа оргилно
Бvхий л амьсгал минь дэлхийгээр нэг тарж урсана

Ганцхан чамдаа л эрхэлмээр.

Утасны цаанаас дуугаараа эрхэлдэг
Уянга шvлэг бичиж эрхэлдэг
Хаа ч явсан сэтгэлд чинь эрхэлдэг
Харуулдаж, хайгаад тунирхаж эрхэлдэг
Унтах нойронд чинь зvvдээрээ эрхэлдэг
Урам нэхэж харцаараа эрхэлдэг
Уруул дэвсч худал эрхэлдэг
Уйлж, дуулж тайтгарч эрхэлдэг
Зvрхэнд чинь нуугдаж эрхэлдэг
Зоргоороо, дураараа дуудаж эрхэлдэг
Зєвдєж, буруудаж гэнэдэж эрхэлдэг
Зєрvvдэлж, зєєлєрч зvггvйтэж эрхэлдэг
Аньсаганд чинь дvрээрээ бууж эрхэлдэг
Алганы чинь хээнд зураастай эрхэлдэг
Учиртлаа зовоож, жаргааж эрхэлдэг
Угтуулж, удуулж улам л эрхэлмээр байна

Хайрын цэцэрлэг.


Тэртээд хайрын цэцэрлэг бий
Тэнгэр нь мөнх цэлмэг
Тэнгис нь мөнх цэнхэр
Голд нь шумбах загас нь алтан шаргал

Гоолиг модод нь мөнх ногоон
Хээнцэр бүсгүйчүүд нь шөнийн од мэт үзэсгэлэнтэй
Хээрийн салхи нь үлгэр хүүрнэх увидистай
Тэртээд хайрын цэцэрлэг бий
Солирийн бороо шөнжин тэнд орж
Согтуу адил дурлалдаа хүмүүс гуйвалддаг
Нулимсгүй жаргалыг тэнд үзэж
Зовлонгүй инээдээр бүгдийг устгах
Хайрын цэцэрлэг гэж бий.

Monday, December 10, 2007

Ганц л шөнийг надад зориул

Зүгээр л би чамд өөрийгөөн өгье
Зүрх сэтгэлээн биш хувцасаа л тайлья
Улаахан уруулаараа найр тавиад
Урд чинь би ичингүйрэн зогсоё
Гил хар нүдний минь гунигийг бүү үргээ
Гэрэвшингүй тэврэх гарыг минь зоргоор өөртөө хүргэ
Сул асгарсан үсийг минь задгай хэвээр орхи
Сувдан сондор нулимсыг минь хайраар бүү арч
Галзуурах дөхүүлсэн тэр л үнсэлтээрээ намайг үнс
Гал халуун ганц л шөнийг надад зориул
Хуурамч яриа бардам зангаа тайл
Хувцас гоёл чимгээ орхи
Ямарч баггүй бас ичингүйрэлгүйгээр
Янаг халуун үнсэлтээр бүх биеийг минь үнс ээ

Хувь заяатайгаа би ...

Хувь заяатайгаа би ... эвлэрэх дургүй нь сайхан
Хуучин бүхнийг дурсах хэрэггүй нь сайхан
Цагийн юм цагтаа гэдэг үг
Цээжнээс минь гардаггүй нь сайхан

Зовлон болоод ганцаардал гэдэг үг
Зөвхөн надад хамаатай байх нь сайхан
Ярихын аргагүй сэтгэлийн хөдлөл
Янз янзын үед илрэх нь сайхан
Хүссэн бүхэн шаналал болж
Хүсээгүй зовлонг надад авчирах нь сайхан
Өнө эртнээс надад зориулж бэлтгэсэн
Өгөөмөр зовлонг жаргал шиг эдлэх нь сайхан
Эдэлж эдэлсэн энэ жаргалаасаа болж
Эрлэгт очоогүй байх нь сайхан.
Харин тэр үед би харамсалгүй
Харамж шан адил зовлонгоо дааж чадах нь сайхан.

Алс алсын бодолд чамайг би тээхгvй

Алс алсын бодолд чамайг би тээхгvй
Алагтай эрээнтэй хорвоод биеэрээ дэнчин тавихгvй
Аргагvйхэн чамд дассан зvрхээ буруутгахаас аргагvй
Анхны ариун хайрын минь эзэн гэдгээ чи мэдэхгvй
Гэнэ гэнэхэн чамайг бодож явдгаа нуухгvй
Гэнэхэн хайраа унтраахыг ереесее хvсэхгvй
Гэм хийж анхны ариухан vерхэлээ баллахгvй
Энэ л хайрын янзаараа чамайг хайрлахаа болихгvй
Нуугаад хэлдэггvй vгээ чамаас бусдад хэлэхгvй
Нууцхан хайрын сэтгэлдээ еерее еерийгее зевтгехгvй
Намрын шувууд шиг чамайгаа орхиод одохгvй
Нэрийг чинь сийлсэн зvрхэндээ чамаас бусдыг дээдлэхгvй
Хеглегер орчлонгийн зайд ганцаар би тэнvvчлэхгvйi
Хvйтэн борооны дусаалд хувцасаа норгож зогсохгvй
Хvрээд ирнээ гэж чамайг би харуулдахгvй
Хvнийх болоод одсон чамайг би мартахгvй
Намайг ойлгох тийм цаг ирвэл
Насан туршийн хайрыг минь хvндэлж
Намрын моддоос тасран унаж буй навчист
Нэрийг минь дуудаж намуухан шивнээрэй

Thursday, December 6, 2007

Амьдрал аялгуу

Ай даа хүний амьдрал
Эгэл жирийн боловч
Энэхэн биедээ багтахааргүй
Их хүслийн далай юм даа
                     Ц.Энхманлай

Гунигийг март

Яасан, гуниглаад л байна уу чи
Наашаа суу
Сэтгэл эмзэглэн гуниж явах үедээ хүн
Сэргэлэн золбоотой бай гэж өөртөө хэлж чаддаггүй юм
Ийм цагт сайн хүн олон л доо
Инээхээ мартсан юм шиг царайдаа хайр өвөрлөсөн хүн зөндөөн л дөө

Гэхдээ
Буруугүй хүнд бодол зөөлрөн уярч суулаа ч
Бусдын үрд дурлаж болдоггүй шиг хэцүү байдаг юм
Шалтгаангүй хэн нэгэн чамайг аргадвал
Шаналал чинь зовлон болж хувирдаг юм
Өрөвдүүлэх чинь аргадуулахаас хэцүү
Өөртөө гомдох чинь улам ихэснэ гээч
Зүрх хөндүүрлэтэл гомдоосон хэн нэгэн нь
Зөрөөд өнгөрөх агшнаа ч болов уярч харахад
Ээждээ айлгасан хүүхэд шиг дотроо жаахан уйлчихаад
Эргээд цаашаа алхахдаа өөрийгөө харин шоолдог юм даа
Тайтгараач
Алдаа гэдэг чинь
Зөвийгөө олтол төөрөлддөг
Зөөлөн буруу хойно
Анд минь чинийхээ хазгай гишгэсний тоог
Би мөшгөхгүй

Үгний түрүүч бүлээн байна гээд ерөөл биш
Зүсний үзэгдэх сайхан гээд санаа биш
Тэнэж хэлсэн үгэндээ тэнэг алдаршдаг юм
Тэмцэж яваад ялахдаа ялтан болох ч байдаг юм
Үг дагаж үнэнд хүрнэ гэдэг чинь
Үүл дагаж газар баримжаалахтай адил
Хүн дуурайж сайн явна гэдэг
Хүйтэн чулууг булганд нь эндүүрэхтэй ижил
Бод л доо чи
Жаргадаг газраас нь мандааж бод
Жаргалтай хүнийг зовлонтойд бод
Зуны цэцгийг өвөл ургуулж бод
Зурамны нүхэнд үнэг багтааж бод
Алдаа гэдэг чинь
Зөвийгөө олтол төөрөлддөг
Зөөлөн буруу хойно
Анд минь чинийхээ хазгай гишгэсний тоог
Би мөшгөхгүй

Бод л доо найзаа, бодооч
Нарны саам амсах заяа минь хаяагүй цагт
Намайг гудайхыг бурхан ч үзэхгүй гэж бодооч

Wednesday, December 5, 2007

Хадаас

Батдорж 20 нас хүрчээ. Тэрээр аль хэдийнээ юм бүхнийг ухаарах насандаа хүрсэн хэдий ч үргэлж бусдыг гомдоож, аль болж бүтэхгүй зүйлсийг хийж явдаг байлаа. Тэгтэл нэг өдөр түүнд аав нь:
- “Чи хэн нэгнийг гомдоох, ямар нэгэн буруу зүйл хийх бүртээ энэ хананд хадаас хадаж бай” гэжээ.
Өдөр хоног өнгөрөх бүрийд түүний хадах хадаас цөөрсөөр нэг л өдөр нэг ч хадаас хадсангүй. Тэгээд Батдорж аавдаа:
- “За та харав уу? Би өнөөдөр нэг ч хадаас хадсангүй. Би сайн хүн болсон байгаа биз дээ” гэхэд аав нь:
- “За чи тэгвэл үүнээс хойш бусдыг баярлуулж, сайн үйл хийх бүртээ хадсан хадааснаасаа сугалж аваарай” гэлээ.
Тэгээд өдөр хоног өнгөрөх бүр ханан дахь хадааснууд цөөрсөөр нэг л мэдэхэд нэг ч хадаас хананд үлдсэнгүй. Үүнийг хараад Батдорж аавдаа:

- “Та хар даа. Хананд нэг ч хадаас үлдсэнгүй. Би сайн үйлстэн болсон байгаа биз” гэв. Эцэг нь:
- “Тиймээ, хананд нэг ч хадаас үлдсэнгүй. Гэхдээ хадаасны нүх үлдсэн байна” гэж хэлсэн гэдэг.
Энэ түүхийн гол утга санаа нь “Чи муу үйл хийж байгаад түүнийгээ засч сайн хүн болсон ч хүний зүрх сэтгэлд хийсэн муу бүхэн чинт шарх болон үлддэг шүү” гэдгийг сургажээ.

Алимны мод

Нэгэн хаан өөрийн шадар түшмэдийн хамт морьтой зугаалж байжээ. Тэгээд замдаа алимны мод тарьж буй өвгөнтэй таарчээ. Хаан өвгөнийг ёжломоор санагдаж :
- Өвгөн гуай, та ийм настай хүн байж хэзээ энэ модныхоо жимсийг авна гэж суулгаж байгаа юм бэ? Алимны мод ургаж гүйцээд жимсээ өгөх үе хүртэл нь та хүлээж чадах юм уу? гэж ихэд шоолонгуй асуув.
Өвгөн хариуд нь:
- Би өвөг эцгийнхээ тарьсан алимны модны жимсийг насаараа идсэн юмаа. Тэд ч гэсэн тарьж байхдаа хүлээж байгаад иднэ гэж тариагүй байлгүй дээ. Одоо миний тарьж байгаа модны ургацыг би биш юмаа гэхэд миний үр, ач, гуч нар хураах юмаа гэлээ.
Энэ үг хаанд маш их таалагдсан тул өвгөнд хэтэвч дүүрэн алт өгчээ. Өвгөн хариуд нь:
- Хаантан та харж байна уу? Бусдын алимны мод олон жилийн дараа ургацаа өгч байхад миний алимны мод дөнгөж тарьж байхад л жимсээ өгч эхэллээ шүү дээ гэв.
Хаантанд өвгөний энэ үг бүр их таалагдсан тул дахин нэг хэтэвч алт өгөв. Өвгөн хариуд нь:
- Хаантан минь ээ! Бусдын мод жилд нэг удаа ургац өгдөг бол миний мод ургаагүй байж хоёр ургац өглөө шүү дээ. Тэгэхээр хамгийн чухал нь хэзээ ургац авахдаа биш, хийж бүтээн, тарьж ургуулж байсан цагт заавал үр ашгийг нь харах болно гэв.
Хаан:
- Хэрэв бид энд ахиад жаахан азнавал таны мэргэн үгийг магтсаар алтгүй үлдэх бололтой. Өвгөн ах танд сайн сайхныг хүсээд бид замаа хөөе дөө гэж хэлээд давхин оджээ.

Нээх сайхан хайрлахсан

Нээх сайхан хайрлахсан
Нээх сайхан хайрлуулахсан
Нимгэн хувцастай хамтдаа зугаалж
Нүд юуг чинь баясгахсан
Нээх сайхан үнсэхсэн
Нээх сайхан үнсүүлэхсэн
Нэрээр минь дуудаад
Надад эрхлэхийг чинь харахсан
Ухаан алдталаа дурлахсан
Учиргүй ихээр дурлуулахсан
Урд хойно чинь эргэлдэн
Уяхан биеээ гайхуулахсан
Зүгээр л ганцхан удаа үнсүүлэхсэн
Зүрхээ амьд эсэхийг мэдрэхсэн
Янаг дурлалын балыг дахин дахин амтлахсан
Янагш олон олон жилийг дурлал хайраар мялаахсан

Өчил

Надад юу ч байхгүй
Баян хоосны зовлон багаасаа л амсаж
Байх байхгүй дунд байгаагаараа л амьдарч
Согтуу ухаан шиг амьдралын дэнсэнд би
Сохор зоос ч үгүй алхадаг
Надад юу ч байхгүй ээ
Агтын нуруунд зоох
Хүйтэн мэстэй болохгүйн тулд
Амиа бодсон тийм хүний мөстэй болохгүйн тулд
Атаархалын хар сүүдэрт нуугдсан
Алдар хүндийг би тоож ч хардаггүй
Надад юу ч байхгүй ээ
Ертөнцийн гоо бүсгүйчүүдэд бүгдэнд нь дурлах гэж
Ер бусын тансаг хэдэн шүлэг урлах гэж
Согоо харцанд нь эр хүн гэдгээ мэдрэх гэж
Сониуч орчлонд би зүрхээ гээчихсэн
Надад юу ч байхгүй ээ
Шархан дээр минь давас үрэх өстнийхээ өмнө
Шаналал зовлонгоор жаргал хийгч бүгдийн өмнө
Муу явахгүй гэж дэндүү их хичээсэн
Муухай энэ зангаасаа болж
Өнгөний хорвоо мөнгөний амьдралт
Өөрийгөө би гээчихсэн
Надад юу ч байхгүй
Надад бас юм бүгд байдаг,
Зүгэр л хүн явах сан гэх
Зүрхэн тарни шиг хүсэл минь байдаг,
Өөрөө би өөрөөрөө л байх сан гэх
Өнөөх муу сэтгэл минь байдаг
Бусдаас би сөгдөж гуйгаагүй
Бурханаас ч бас сөхөрч гүйгаагүй
Хүсэл хясал хоёртоо хүлэгдсэн
Хүн чанар минь байдаг
Надад бас бүх юм байдаг
Миний гэсэн тэр бүгдийг багтаасан
Мэндийн сайхан үг шиг
Эх орон минь байдаг
Надад бас юм бүхэн байдаг
Ж.Мөнхбат

Чамдаа хайртай

Сормуус цантай буулгасан тэр намрын орой
Солгой гарынхаа хээ шиг дурлалт чамтай учирлаа
Сэвхтэй зүрхний гунигаа бодлоосоо сэгсэрч хаячихаад
Сэмхэн ирэхдээ надад уруулын тамгаа дарлаа
Сарны зулай энхэлж итгэлийн хаалгаа нээхэд
Салхитай цуг чи шуналтайхан залгиж өнжихөд чинь
Сархдын дайтай мансуурал уруул дээр төөрөлдөж
Сондор чимэгтэй хүзүүндээ үнсэлтийг чинь зүүж өнжлөө
Чив чимээгүйн дунд хөврөх үгийг тань амтлахад
Чичирсэн хоолой минь аргаад хайр давуулах гэж зовсон
Намрын хээтэй навчис нь өлмий дор минь хөглөрөөд
Намайг дурлалын нулимсаа унагаач гэж шивнэлээ
Тэгэхэд тэвэртээ шатсан биед минь тэнгэрийн нар илүүдэж
Тэнэмэл оддын илтэс өвөр дээрээс цойлсон
Томоос том гарчигтай найргийн хавирга хөндөхдөө л
Таньд хайртай хэмээн гарчиглалаа

Эзэнтэй дурлал

Дундуур бүхнийхээ төлөө гэгээн дурсамжинд очдог
Дурласан зүрхнийхээ төлөө гэнэн мөрөөдөлд автдаг
Асгарсан хайран дээр минь нар илүүдсэн жилүүд
Амрагийн зүүднээс намайг цагаан гунигтай сэрээдэг ээ
Ургадаггүй цэцгийг би зүрхэндээ тарих дуртай
Уруулын балтай хөрсөнд согтуу ургах дуртай
Энгэрийн цагаан товчин дээр тэнгэрийн сарыг өеөдүүлж
Эрхэлж хоносон шөнүүдийг цагаанаар бодох дуртай
Дурлалын гэгээн сүмд минь эхнэртэй залуу ирдэг
Дүгрэг цагаан сарыг дундуур нь цуулж ирдэг
Хайранд минь тэр дандаа халамцуу голдуу ирдэг
Хачин гунигтай дурлалаа зүрхэндээ нууж ирдэг ээ
Бурхан зураагүй замаар ганцаар гүйчихсэн хойноо
Буруу нь илүүдсэн хорвоод чамаараа би дэндүү дутлаа
Ийм бардамхан хайран дээр нүгэл бууж чаддагүй юм билээ
Ийм богинохон жаргал дээр ухаан хэзээ ч суудаггүй юм билээ

Monday, December 3, 2007

Өвөл эхэлчихсэн

Өвөл эхэлчихсэн гэтэл ширхэг ч цас хаялахгүй нэг л сонин
Өөрт минь дурлачихсан гэтэл би дурлаж чадахгүй нэг л хачин
Аль эрт үхчихсэн одоо тэр нэгэнт навч байхаа больчихсон
Асуулт минь дуусчихсан хариулт гэж байхгүй байгаа ч үгүй
Зүгээр л салхи сэвэлзэхэд хүндүүр төрөөд эхэллээ
Зүрх минь ахиад л гунигтай ахиад л уйтгартай
Мөнхийн энэ намрыг зүрхнээсээ авч хаячихаад
Мөнөөх л урдийнх шигээ хавраас хаварт амьдармаар байна

Хайхрахгүй байна гэж үү

Хаврын өнгөт нуршуу зурааснууд
Миний төрхийг гаргаж чадна гэж
Чи яаж бодоов
Хурц өнгө, хувирамтгай ааш
Худал хэлэх, дурласан мэт дүр эсгэх
Хуурамчхан инээх, нулимс унагах
Хуучны дарснаас согттолоо уух

Энэ миний дуртай зүйлс
Энгэр задгай даашинз
Ээмэг бөгжгүй эгэл төрх
Эрх чөлеө, гоодож янзлаагүй урт үс
Энгэсэг тавихаа мартсан царай
Энэ миний гоёл

Бийрний чинь нарийн үзүүр дор
, Бие минь чичирхийлэн байгаа юм шиг
Хаврын өнгөт нуршуу зурааснууд
Хагас нүцгэн сар.....

Хажууханд нь чиний таталсан
Зориг муутайхан гарын үсэг
Хайхрахгүй байна гэж үү
Хавар ирчихээд байгааг

Р.Эмүжин

Friday, November 30, 2007

Маргааш 12 дугаар сарын нэгэн буюу Дэлхийн ДОХ-той тэмцэх өдөр.

Дэлхийн ДОХ-той тэмцэх өдөр болохоор ДОХ-той хобоотой монголын талаарх баримт бичлээ.
Монгол хүн ДОХ-ын халдвартай байдлаар 35 торхиолдол илэрсэн.
Үүнээс 5 нь ДОХ өвчний улмаас бурхан болсон. Одоо 4 хүн ДОХ-ын өвчлөлийнхөө шатанд орсон. 26 хүн вирус тээгч байдлаар амьдарч байна.
Одоогоор өвчний эцсийн шатанд орчихсон хүн байхгүй байна. Халдвартай эхээс төрсөн 3 хүүхэд байгаа. Тэдний нэг нь 18 сараас дээш болсон учраас шинжилгээ хийгдсэн. Аз болоход тэр хүүхэд маань халдваргүй гэдэг нь тогтоогдоод байгаа. Нөгөө хоёр хүүхдийн биеийн байдал, өсөлт хэвийн байгаа. Халдвартай юу гэдгийг нь тогтоох хугацаа хараахан болоогүй байгаа юм байна.
Хүн амын дунд халдварын тархалт нэмэгдэх хандлагатай байна.
Яахав халдвар их тархсан улсын хэмжээнд бодвол халдварын тоо бага байна. Гэхдээ монголчуудын хэмжээнд нийт хүн амдаа харьцуулаад үзэхэд энэ бага тоо биш. Насанд хүрсэн 15-24 насны залуусын дунд халдварын тархалт нэмэгдэх хандлагатай байгаа гэдгийг сэрэмжлүүлж, анхааруулж байна.

ДОХ халдах 3-н зам байдаг.
1. цусаар. Халдвартай цусыг хүний цусны урсгалд оруулахад:
Цус сэлбүүлэх, цусан бүтээгдэхүүн хэрэглэх, өөр хүний хэрэглэсэн тариур хэрэглэх, эрхтэн шилжүүлэн суулгах зэргийн үед ХДХВ-ийн халдвар цусаар дамжиж болдог.
2. бэлгийн замаар. Халдвартай хүнтэй үтрээгээр болон шулуун гэдсээр хамгаалалтгүй бэлгийн хавьталд ороход:
ХДХВ-ийн халдвар бэлгийн хавьталд ороход үрийн болон үтрээний шингэнээр дамжиж болдог.
3. халдвартай ээжээс хүүхдэд.
Халдвар авсан ээж хүүхэддээ хэвлийд байхад нь, эсвэл төрөлтийн явцад, эсвэл төрсөн хойно нь хөхний сүүгээр ХДХВ-ийн халдварыг дамжуулж болдог байна.

Харин ХДХВ-ийн халдвар дараах замаар дамжихгүй:
1. Гар барих, тэврэх г.м зөвхөн арьс хүрэлцэхэд халдвар тарахгүй.
Ханиах, найтаах зэрэгт шүлсээр халдвар дамжихгүй
2. Усан бассейн, нийтийн халуун усны газар, жорлон зэрэгт ороход халдвар авахгүй
3. Хоол хүнс, аяга, халбагаар халдвар дамжихгүй
4. Хаалганы бариул, мөнгө, нийтийн утас, нийтийн унааны суудал зэргээр халдвар тарахгүй
5.
Шумуулаар дамжихгүй

ХДХВ-ийн халдвар авснаа хүн яаж мэдэж болох вэ?
Зөвхөн шинжилгээ өгч байж л халдвар авсан үгүйгээ мэдэж болно. Тиймээс та өөрийгөө халдвар авсан байж болзошгүй гэж бодож байвал шинжилгээ хийлгэх хэрэгтэй шүү! Шинжилгээ хийлгээд ХДХВ-ийн халдвар авснаа мэдвэл эртхэн эмчилгээ хийлгэж, амьдрах хугацаагаа уртасгаж болно. Орчин үеийн эмчилгээ хийлгэснээр ХДХВ-ийн халдварыг ДОХ өвчинд шилжүүлэхгүй 10 ба түүнээс олон жил барьж болно. Мөн ХДХВ-ийн халдвар авснаа мэдсэнээр өөрийн ойр дотныхон болон бусад хүмүүст халдвар тараахаас сэргийлэх боломжтой юм.

Залуусаа...Үхэл хүнийг хүсэл тачаал хамгийн таашаалтай зүйлээр нь татаж байна гэж бодоорой. Болгоомжтой.

Надад саяхан мэссэнжерээр энэ үг ирсэн юм. Хөх тэнгэр минь ДОХ дэргэд чинь байна. Эрчүүд минь эхнэрээсээ бусдыг илүү харваас үхнэ. Mr Tugsuu

Wednesday, November 28, 2007

Tuesday, November 27, 2007

Үнсүүлэх юмсан даа их удаж

Үнсүүлэлгүй юутай удав
Үнэндээ уруул минь өнчирч байна
Үлгэр домгийн юм шиг юутай хуучин өдрүүд вэ
Үргэлжийн гэгээн сэтгэл минь ганцаардлыг тэвчсэнгүй
Үргэлжийн гунигыг хэн надад илгээв
Үнэт эдлэл мэт түүнд дурлах нь юув
Үзэмжийн төдий орчлонг гайхуулж
Үзэмжийн төдий явья гэтэл
Үүрийн гэгээ үдшийн бүрий мэт алдуурсан
Үзтэл залуу насыг яах юм бэ
Үнэн ч бус гэж хэлбэл ч хэлэг
Үнсүүлэлгүй юутай удав

Халуун зүрхэндээ жаргалтай
Харамсах үгүй амьдрах юмсан
Хайр сэтгэлдээ үнэнч чамайгаа олоод
Халуун бүр халуунаар дурлах юмсан
Цаг хугацааны эрхээр учрах хайртыгаа
Цагаахан сэтгэл минь яг одоо хүсэж байна
Үдшийн бодолдоо хөтлөгдөн
Үүрдийн дурлал чамдаа тэмүүлж байна...

Уруул хайр хоёр хамт байдаг

Гуйж мөргөөд ч болов бурхан танаас хүсье
Гунигаа тайлтал нь нэг үнсэлдэхсэн,
Гудамжинд өдрөөр, эсвэл шөнө дөлөөр
Гудайж оддын дор, өвс ногоон дээр...
Хоёулханаа орон дотроо...
Хотол үймсэн Европын гудамжнаа...

Хонгор найз элбэгтэй Персийн буудалд...
Алтан говийн элсэн дээр...
Америкийн шигүү хороололд...
Дэлхийн хаа ч гэсэн
Дээр доороо орон үнсэлдэж л бий!
Лал, Христос, Буддагийн уншлаган доор
Ламбад бүжгийн янаг аялгуун дор
Шалав норсон борооны бүлээн цутгалгаан дор
Шаахай болоод даашинзгүй, уруулын будаггүй
Шанхныхаа үсийг илбэхийн чөлөөгүй
Үнсэлдэхсэн...
Олдошгүй, үхэшгүй хайртай амрагаа
Ороонгуу мод адил тэврээд
Родланы баримал мэт хоёулаа
Мөнхийн мөнхөд үлдэхсэн...

Ц.Хулан

Monday, November 26, 2007

Бүү зугт...

Бэрхшээлээс зугтах тусам тэр хэд дахин томроод эцэстээ
зугтах газаргүй болтол нөмрөн ирдэг.
Тиймээс түүнтэй нүүр тулан нүдэлцэх нь дээр"

Охин үрээ хайрла!

Охин үрээ хайрла!
Омогдож загнахдаа ч хайрла!
Охин үрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!

Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ
Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг
Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дуулалдаг
Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ

Энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа
Ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл,
Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана
Харийн газар одож хадмын нүүрийг царайчилна!
Насаараа уухгүй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга
Насаараа амсахгүй жаргалыг нялх багад нь тоонотод нь эдлүүл
Насаараа сонсохгүй энхрий үгийг нялх багад нь гамнахгүй хэл
Насаараа нууж урсгах гашуун нулимсыг нь бодож цөөн уйлуул, охин үрээ!
Хүний гэргий болох гэж гангар шаазан шиг хагарна
Хүүхэн хонгор үрээ гарын алгандаа энхрийл
Хүй орчлонгийн жамтай тэнцүүлжтүүнээ хайрла
Хөөрхөн хонгор аалинд нь эрхлүүлж түүнээ хайрла!
Үрийн эх болох гэж алтан заадал сална
Үүлэн хонгор үрээ тэнгэрийн мандалдаа эрхлүүл
Үйл нь дуусдаггүй хорвоод балчирт нь амжиж жаргаа
Үс гэзгээ цайтал өнөд шаналахыг нь болгоо!
Зөөлөн булбарай хурууг нь зүүутастай шадарлуул
Зүйдэл оёдлын хорвоод охин үр чинь төрснийг сана
Зөөлөн хонгор аашийг нь зүйр үгтэй шадарлуул
Зөвлөх хэлцэхийн хорвоод охин үр чинь төрснийг сана
Арван жил зэмлээд ч ухааруулж амжаагүй үгийг чинь
Анхны үр ньтөрөөд үдшийн шөнөдөө ухааруулна
Хорин жил дуудаад сэрээж чадаагүй нойрыг нь
Хонгор үр нь төрөөд үүрийн жавраар ч хулжаана
Охин үрээ энхрийл, орчлонгийн зовлонд цадахын цагтаа
Огшуун нулимсандаа живэхийн цагтаа хожмоо нэг дурсана
Аавын гэрт жаргасан даа гэж хэзээд нэг тайтгарна
Ээжийн өвөрт эрхэлсэн дээ гэж эрхгүй нэг уужирна
Охин үрээ хайрла!
Хясаа сувдаа нуудаг шиг хайрла!
Охин үрээ хайрла!
Үүл усаа хураадаг шиг хайрла

Охин үрээ хайрла!
Уул эрдэнээ нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла!
Ус загасаа цэнгүүлдэг шиг хайрла

Хатуугаас хатуу үгийг ханатлаа үр чинь сонсоно
Хавраас намар хүртэл төрхөмдөө очиж хэлэх үү?
Хайртай охиноо зэмлэхдээ харцаараа ч болов энхрийл
Хаврын шувууд шиг намрын жимс шиг үгийг охиндоо хэл!
Бусдыг хайрлах л гэж төрсөн юм охин үрээ энхрийл!
Буцаж урсдаг ус байхгүй, эргэж та нарыг хайрлахгүй
Эргүүлэгт орчлон харин охин үрийг чинь хайрлахгүй
Энгэсэгт хацраар гэрэлтэвч зовлон нь та нарт харагдахгүй
Үндэс нь газарт цэцэг нь тэнгэрт
Үүн лүгээ адил санаж охин үрээ хайрла
Тэнгэрт чинь нар ч бий хур ч бий аянга ч бий
Тэнгэрлиг охин үрийг чинь жаргал ч тосно, зовлон ч тосно
Хөөрхий түүнийг нялхад нь жаргаа
Хүүрнэн сургаад яах вэ дээ орчлон түүний багш юм
Хүний л гарт очих бүсгүй түүнийг энхрийл
Хүний л эрхэнд жаргах охин үрээ хайрла!

Thursday, November 22, 2007

Зүрхээр минь бүү оролд

Зүрхээр минь бүү оролдоо
          Зүггүйтээд би чамд дурлачихаж мэднэ
          Зөөлөн гуниг тээгээд
         Зүгээрчгүй тэгээд санааширч мэднэ

Сэтгэлээр минь бүү тоглоо

        Сэм сэмхэн үгүйлчихдэг болчихно
        Хөнгөн гуниг тээгээд
       Хөлийн чимээ чагнадаг болчихно
Хайртай гэдэг үгийг
       Хамаагүй битгий хэлээ
       Харцыг чинь үгүйлээд
      Харгуй зам ширтдэг болчихно
Надаар чи бүү оролдоо
    Навчис адил хийсэж мэднэ
    Зүүдний жаргалдаа хөтлөгдөөд
    Зөнгөөрөө чамайг эрэлхийлдэг болчихно

Wednesday, November 21, 2007

Эрхэлмээр байна (эрчүүд)

Эрхэл дээ хонгор минь наддаа эрхэл
Ихэмсэг зангаа гээгээд наддаа ирээ
Хайрын дээдээр хайрлан байж
Хацар юуг чинь таалан эрхлүүлье
Мөнгөн сарыг гайхуулан байж
Магнай юуг чинь илэн эрхлүүлье
Ховдог хүслээ даран байж
Хүзүү юуг чинь озон эрхлүүлье
Ханхар сайхан цээжин дээгүүр чинь
Хэл юүгээ гулгуулан эрхлүүлье
Нүцгэн биеээ дэлгэн байж
Нүд юүг чинь баясган эрхлүүлье
Байж ядсан хүслийг чинь дарж
Бумбат рашааныг чинь амтлан эрхлүүлье
Эрхэл дээ хонгор минь наддаа эрхэл
Эгэлгүй биеээ наддаа тушаа
Эр хүн эрхэлж болохгүй гэж
Эндүүрч хэн ч хэлээгүй л байлтай

Миний хайр

Битгий их юм шаард гэж
Би чинийх биш хүнийх гэж
Байнга юунд сануулна вэ
Битгий хэрэггүй би мэднэ
Бурхан надаас хармалсан болохоор нь
Бусдаас би хулгайлсан юм чамайг
Хайрлаж бас хайрлуулах гэж
Хайрандаа тэгээд шатах гэж
Хөтлөлцөн алхаж хөгжилтэй инээх гэж
Хонгор чамдаа магтуулаад баярлах гэж
Хошуугаа унжуулж гараа савчин эрхлэх гэж
Надад зориулж шүлэг тэрлэхийг чинь сонсох гэж
Намайг хүсэх хүслийг чинь мэдрэх гэж
Тэгээд эцэст нь тэнгэрлэг дурсамжтай үлдэх гэж
Тамгалуулсан зүрхнийхээ шархирахыг мэдрэх гэж
Торомгор хархан нүднээсээ том том нулимас унагах гэж
Чамайг би хайрласан юм аа
Төөрөг зөрүү тавилангийн
Тойрч чадаагүй жаргал минь
Хувь дутах хорвоод
Ханьсах эрхгүй хайр минь ээ

Дурласан шиг дурлах сайхан

Дурласан шиг дурлах сайхан
Дуулаад л байх шиг гэгэлзэх сайхан
Дурлалдаа халууран эгээрэх сайхан
Дундуур бvхнийг хайраараа дvvргэн
Дурласан шиг дурлах сайхан
Алаг зvvдээ манан хөвөрсөөр
Ахиж унтаж чадалгvй өглөө болгох сайхан
Гал дvрэлзтэл харц мөргөлдөх сайхан
Ганцхан л чамайг бодон өөрийгөө мартах сайхан
Нэг их чанга хашгирмаар болох сайхан
Нэрийг чинь нэртэйгээ сvлэх сайхан
Хайртай шvv би дэндvv…гэж өөрийгөө уруу татахад
Хамар шархиран нулимс ивлэх сайхан
Дурласан шиг дурлах сайхан



Дурлал

Халуун зүрхэндээ жаргалтай
Харамсах үгүй амьдрах юмсан
Хайр сэтгэлдээ үнэнч чамайгаа олоод
Халуун бүр халуунаар дурлах юмсан
Цаг хугацааны эрхээр учрах хайртыгаа
Цагаахан сэтгэл минь яг одоо хүсэж байна
Үдшийн бодолдоо хөтлөгдөн
Үүрдийн дурлал чамдаа тэмүүлж байна.



Зүгээр л нэг амьдрах юмсан


Зүгээр л нэг амьдрах юмсан
Зүлгэн дээр гэрээ бариад . . .
Зүү утас нийлүүлэн хүүдээ дээл оёж
Амрагаа хүлээж
Амраг минь адуунаасаа ирж
Зүгээр л нэг амьдрах юмсан . . .

Охид минь нүүрээ буд, нимгэн хувцасла

Охид минь нүүрээ буд, нимгэн хувцасла
Олны өмнө гоо үзэсгэлэнтэй бай, бардам бай!
Хэн нэгэн чамайг харж эхнэрээ марттал
Хэтэрхий гоо үзэсгэлэнтэй бай
Зуурдхан ч хамаагүй чи дэлхийн хаан бай !
Yүнээс илүү хаанчлал гэж байхгүй
Yнэндээ орчлон гэдэг хуурамч юм
Та нар шиг охидуудаар халаасаа дүүргэх
Танхай бардам баян эрчүүдээр дүүрэн юм
Охид минь бүжиглэ нарги, битгий гунигла
Огт танихгүй залууг үнс, тэдэнд дурла

Хамаагүй хард, гомдоод уйл
Архины мухлагт ороод гар
Залуусыг сонго, дарс уу
Алтанхан залуу насаа амтлаад үз
Аяа тэр чиний
Yзэсгэлэнт боол чинь байг
Зөвхөн чи нэг юмыг ухаарах хэрэгтэй
Зөрж өнгөрөх олон өдрүүдийн аль нэгтээ
Хүссэн хүсээгүй насаа элээж
Чамтай цуг амьдрах
Хэн нэгэн хүн цэцэрлэгт
Хүлээж байгаа гэдэгт итгэх хэрэгтэй
Өөр юу ч хэрэггүй, тэр цагийг хүлээж
Өдөржин цонх ширтэн гуниглах хэрэггүй
Yүрд холын замд од
Yзэсгэлэн гоогоо харин хэзээ ч гээж болохгүй шүү
Yдийн наран чиний сайханд бишрэн

Чинийх байх эрхээ олох гэж
Минийх гэж чамдаа би очъё...


Хонгор хүү минь чи намайг энхрийл
Хориглож байсан ч даашинзыг минь тайч
Халуу төөнөтөл, бүсгүй бие шаттал
Хагацашгүй янагаар уруул дээр минь үнс
Налж суугаад зөөлөн тэвэр
Надад хайртай гэдгийг чинь мэдрэх гэсэн юмаа
Дуу алдаж, уйлж гиншмээр дурлалд
Дуртмал харц, дулаахан шивнээ хөвж
Шүдний чинь сайхныг, гарын чинь хэнэггүйг мэдэрч
Шүүрс алдан жаргах гэсэн юмаа

Хонгор хүү минь, чи намайг энхрийл
Хориглож байсан ч даашинзийг минь тайч
Бүжин туулайн хэвтэрт бүлээн зөн нуугитал
Бүсгүй сэвлэг ирвэгнүүлэн галзуу юм шиг загна
Бүрэг аашаа гээж, бүүр гөлөг шиг гийнатал
Бүхий л биеийг минь тачаангуйн тэнгэрээр нөмөргө
Хонгор хүү минь, чи намайг энхрийл
Хориглож байсан ч даашинзийг минь тайч
Чимэг зүүлтийг минь чимээгүйхэн тайл
Чинийх гэдгээ мэдрэх гэсэн юмаа.



Хайрыг би мэдрэхсэн

Хайр гэж чухам юу юм бэ?
Хайрын талаар би юу мэдэх вэ?

Хайрын тухай хүмүүс дэндүү сайхныг ярих юм
Халуун янаг, эмзэг, энхрий гэх юм
Зарим нэг нь түүний тухай ярихдаа
Дэндүү харгис бас гашуун гэх юм

Заавал бусдын ярьсантай таараад байх албагүй ч
Минийх гэгдэх тэр хайр ямархуу юм бол доо?
Хайрыг дүрсээр илэрхийлбэл ямар дүрстэй байхсан бол
Хайрыг амьтантай зүйрлэвэл ямар амьтантай төстэй бол?

Хайрыг би барьж үзэхсэн, ямар мэдрэмж төрөх бол?
Хайрыг би идэхсэн, ямар амт амтагдах бол?
Хайрыг би сонсохсон, ямар аялгуу дуулдах бол?
Хайрыг би үнэрлэхсэн, ямар үнэр үнэртэх бол?

Ингээд бодохоор би хайрын тухай огт мэддэггүй юм болов уу?
Эргэцүүлж нэг тунгаавал хайртайгаа учраагүй юм болов уу?
Эсвэл хайртайгаа учирсан ч таниагүй юм болов уу?
Хайр биш байсан ч андуурч явсан юм болов уу?

Хайраа гэж.............

Цаг хугацаа чи

Цэл залуу нас минь дурлалын галаар дүрэлзэнэ
Цээжин дэх хайрын эзэн Монголжингоо бүсгүйн
Цангинасан инээд гэнэн аашийг хором хормоор хулгайлах
Цаг хугацаа чи миний ганц дайсан

Цэл залуу нас минь алдаа бүхэндээ шанална
Цээжин дэх хүнд ачааг хором хормоор хөнгөлж
Цэцэлзэх нулимсыг арчиж сэтгэлийн шархыг эдгээдэг
Цаг хугацаа чи миний ганц нөхөр

Хундага өргөх үг

Эргэж буцахгүйн төлөө
Энэ хундагыг өргөе
Урагшаа давшиж явна гээд
Ухарч шившиг болохгүйн төлөө !

Бусдаас дутуу байж илүү гэж
Буруу ойлгоод инээдэм болохгүйн төлөө
Хөвчин дэлхийн хүчтэнтэй зиндаархах гээд
Хөлд нь үрэгдэхгүйн төлөө !

Хайртыгаа гээд дайсандаа
Хаалгаа нээж өгөхгүйн төлөө
Бусдын доромжлон байгааг мэдсээр байж
Буруу ойлгосон болж худлаа инээхгүйн төлөө !

Товчоор хэлбэл хэн хүнгүй
Толгой бөгс хоёроо солихгүйн төлөө
Эхний бөгөөд эцсийн
Энэ хундагыг өргөе !


Р.Чойном :

Хайр чамаас асууя

Нүдэнд минь үл харагдаж
Гарт минь үл баригдавч
Нулимсыг минь дуслууж
Сэтгэлийг минь өвтгөх хайр чи ямар их хүчтэй юм бэ.

Ирэхдээ чи аз жаргал, баяр баяслыг дагуулж ирдэг ч
Явахдаа чи уйтгар, гуниг, нулимс, ганцаардал энэ бүхнийг орхиод оддог

Гэлээ ч . . .
Хүн бүр чамайг эзэмдэхийг хүсч
Хүн бүр чамайг мэдрэхийг хүснэм.

Чамайг мэдрэх сайхаан...
Өндөр уулсыг даваад гарах эрч хүчийг чамаас л мэдэрнэ
Аагим халуун элсэн цөлийг туулаад гарах сэтгэлийн тэнхээг чамаас л мэдэрнэ.

Тийм болохоор...
Хайр чамайг би дахин дахин мэдрэхийг хүснэм
Хайр чамаар би ханатлаа бялуурахыг хүснэм!

Цэцэг бэлэглэнэ гэж би найдаагүй

Цэцэг бэлэглэнэ гэж би найдаагүй
Цэнхэр цамц чинь санаанаас гараагүй
Цэвэрхэн царай, үүр шөнө шиг харц чинь
Тэр өдрүүдийн нар яаж жаргасныг
Тэр үдшүүдийн сар ямар өнгөтэй байсныг сануулдаг.

Жил саруудын уртаас би айгаагүй
Жиргэх шувуудын дуу гэгэлгэн байсныг мартаагүй
Жирийн бус үнсэлт, учрал, хагацал
Жирийн л нэгнийх байсан гэдэгт
Одоо болтол итгэхийг хүсдэггүй
Цэнгэл амласан уруул чинь
Цэрвэж хэлсэн үгэнд минь төөрөлдөхөд
Ханын цагны яаруу дуутай уралдан
Хаалга хаагдахтай хамт энэ бүхнийг
Мартана гэж өөртөө амласан.
Цэцэг бэлэглэнэ гэж би найдаагүй
Цэнхэр цамц чинь санаанаас гараагүй.

Tuesday, November 20, 2007

Нэг л өдөр

Нэг л өдөр би чинийх гээд
Хүрээд ирэхийг чинь үгүйсгэхгүй
Нэг л өдөр уучлаарай гээд
Холдоод явахыг чинь үгүйсгэхгүй
Нэг л өдөр хүлээнэ гээд
Амлалт өгөхийг чинь үгүйсгэхгүй
Нэг л өдөр чадахгүй нь гээд
Амлалтнаасаа няцахыг чинь үгүйсгэхгүй
Нэг л өдөр хайртай гээд
Надад хэлэхийг чинь үгүйсгэхгүй

Нэг л өдөр хайр биш байж гээд
Хэнэггүй хэлэхийг чинь ч үгүйсгэхгүй
Нэг л өдөр намайг үнсээд
Үргэлж хамт байхыг чинь үгүйсгэхгүй
Нэг л өдөр тэр үнсэлт чинь
Өөр хүний уруулд очихыг үгүйсгэхгүй
Нэг л өдөр би өөрчлөгдсөн гээд
Хүйтэн хандахыг чинь үгүйсгэхгүй
Нэг л өдөр намайг март гээд
Хөөрхөн бүсгүйг дагахыг чинь үгүйсгэхгүй
Нэг л өдөр санасан гээд
Эрхэлж тунирхахыг чинь үгүйсгэхгүй
Нэг л өдөр баяртай ч гэлгүй
Ор сураггүй алга болохыг чинь бүр ч үгүйсгэхгүй
Нэг л өдөр, нэг л өдөр …

Намайг хайрлаач

Намайг хайрлаач гэж чамаас би сөгдөн гуйхгүй ч
Нууцхан хүсэл тээсэн харцыг минь чи нэг л анзаараач
Нулимс урсган уйлж чамайг би хэзээ ч зовоохгүй ч
Нүдэнд хурсан гунигийг минь үргээж чи нэг л хараач

Бусдаас намайг харамлаж хэзээ ч тунихгүйг чинь бодохоор
Бүлээн нулимс дуслуулан сэтгэлдээ чимээгүйхэн уйлдаг ч
Бүхнийг умартан чимдаа л би эрхлэн жаргахсан гэхдээ
Болохгүй бүхнийг болгож зүүдэндээ л би жаргадаг

Би дурласан

Дурласан гэдгээ саранд хүртэл би хэлсэн
Дулаахан шєнєєр чамайг тэр чимээгүйхэн ширтэнэ
Хайртай гэдгээ одонд хүртэл би шивнэсэн
Хааяа тэр санаа алдахыг би харсан
Оддын хорвоо үдэш бүр залуусыг бүүвэйлэх хэрнээ
Одоо л надад дурлахын заяа хайрласан юм шүү
Хуурч болохгүй шүү хайрт минь, хувирвал хэлээрэй
Хайраа ариунаар нь буцааж тэнгэрт нь єгье

Monday, November 19, 2007

Тэнгэр шиг бай!

Хамаг бүгдээр чамайг харааж нулимж байвч
Тэнгэр шиг бай
Хамгийн сайн хүмүүн гэж
хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай
Тэнэгүүд бүгдээр чамайг сургавч
Тэнгэр шиг бай, дуугүй дүнсийх...
Тэврээд бүгдээр үнсэвч
Тэнгэр шиг бай, аниргүй мэлтийх...
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчихаагүй цагт бүү зов
Гүтгэж доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт бүү ай
Өвчин зовлонд нэрвэгдэж тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март
Тэнгэр шиг бай
О.Дашбалбар

Анд

Санаа нийлэх нэгнээ олны дундаас олж
Сайн мууг нь таниад анд найз бололцож
Сартай нартай хорвоод бодлоо хуваалцан нөхөрлөн
Салахгүй шахам ханьсаад биесээ түшин явдаг
Анд найз гэдэг ховор олдох эрдэнэ
Авааль эхнэрээс дутуугүй надад эрхэм байдаг
Найз нөхдөөр минь хэн нэгэн намайг дүгнээд гарна
Насны зөрүү хамаагүй сайн л найз байвал.
Хүний мөс муудсан өнөө цаг үед
Хүйтэн жиндүү дотортон одноос олон болсон ч

Нийгмээ дагаад гадаад төрх нь танигдахын аргагүй өөрчлөгдсөн ч
Нэрийн хуудас болсон эрийн жудгаа гээгээгүй
Арван хуруунд багтах хэдэн сайн найз
Аргагүй л шүүрэн дээр тунаж миний сэтгэлд үлджээ
Бор дарсанд дурлаж шилэн бүрээ үлдээг нь ч бий
Боргог мөчид амьдралтай учраа олоогүй нэгэн ч бий
Албан тушаал дэвшээд гялалзаж яваа энд ч бий
Амьдралын их далайд хөлөө бат олсон нь ч бий
Бүгд л миний хэдэн жинхэнэ анд нар болохоор
Бөөр алаг үзэж тэднийгээ би дугаарладаггүй
Хүрч чадахгүй мэт оргилд мацаад хэн нэгэн нь гарсан ч
Хүний мөсөө гээхгүй гэдэгт итгэж байдаг юм би
Ажил ихтэй оройтох нь гэж утсаар хэл дуулгаж
Авааль эхнэрүүдээ молигодож хэдүүлээ цуглаж аваад
Эр улс л юм болохоор дундаа бор дарс тавиад
Инээж наргиж дуулж, биесээ чангахан явуулж
Бүсгүй хүний тухай ам уралдан цуурцгааж
Бүрэг хүн сонсвол улайж шатмаар юм болно
Эхнэртээ хэлдэггүй үгээ анддаа хэлдэг юм эр хүн
Эргэцүүлж бодлоо хуваалцан, найздаа сэтгэлээ задалдаг юм
Жаргалыг нь хамт амтлаж, зовлонг нь хамт амсдаг юм
Жадны хурц үзүүрт жинхэнэ найз байдаг юм.
Туг бариад давхивал би найз нараа татна
Тугал хариулаад гэлдэрвэл анд нар минь намайг татна
Дээс эрчиндээ чангарч урагш хол явдаг шиг
Дэм дэмэндээ энд нартайгаа дээшээ хэд алхаж л байна
10 саятай явбал нэг хэсэгтээ түрийвч зузаан
10 найзтай явбал нэг насандаа итгэл зузаан
Амьдрал гэдэг их далай цацаа цалгиа ихтэй шүү
Андаа зөв олоод завиа хамт сэлүүрдэцгээ

Итгэл

Єєртєє би итгэж явдаг
Єнєєдрийн хувь заяандаа баярлаж явдаг
Сайхан бvхнийг дотроо мєрєєдєж явдаг
Салж нийлэх учралыг тээж явдаг
Амраг шvлгэндээ би vргэлж єртэй явдаг
Ариун хайрыг сэмхэн харуулдаж явдаг
Анд нєхєддєє би итгэж явдаг
Аз жаргалаар ирээдvйн замаа тєсєєлж явдаг
Алдаа онооны дээсэн дээр аз сорихыг хvсдэггvй ч
Амьсгал тасравч харамсахгvй амьдрахыг би хvсдэг
Ахиад энэ орон зайдаа амьдрахсан гэдэгтээ итгэдэггvй ч
Алхам бvрийн мєр ирээдvйг минь тэгшилдэгт итгэдэг
Хааяа хааяахан гуниж сэтгэлдээ нууцхан ганцаарддагч
Хяслант хорвоод єєрийгєє базаахгvй гэж голдогч
Хайртай бvхнийхээ тєлєє зvрх минь цохилж байдаг
Хан хорвоод би тэгээд бардам бас итгэлтэй алхалдаг

Дурсамж

Цантсан сормуустай нvдээр чамайг ширтэх итгэл минь сайхан
Цаг оройтсон ч болзоондоо ирэх сэтгэл чинь сайхан
Цагаан гуниг сvлж тунирхах хайр чинь сайхан
Цаг хугацааны дэнс бидэн хоёрыг савлуурдавч тэнцvvлэх нь сайхан
Хацар улайлган гэрэвшээд дєхєх чинь дурлалдаа шатаад дулаахан
Хvрмээ тайлаад чамд нємрvvлэхэд эр сэтгэл минь дулаахан
Хоёр алга биесээ тэмтрээд цочих нь ичингvйрээд дулаахан
Хайртай гэж шивнэхэд уур савсаад орчлон дэндvv дулаахан
Бvтэн єдєр биесээ бодон гэгэлзсэн учрал хvсэлдээ шатаад гэгээтэй
Бvртийх сарны бvдэг туяанд намайг шагнах инээмсэглэл чинь гэгээтэй
Бидний хєтєлєлцєєд анирлан алхадаг цасан зам шvлэг шивнээд гэгээтэй
Бvлээхэн энгэртээ нємєрлєсєн бvдvvн хуш мод минь дурсамжтай минь гэгээтэй
Сайхан дурсамж минь сайхан
Санаа алдах минь ч сайхан байсан
Сайрхах дурсамж минь дотнохон
Санахын аянганд ниргvvлсэн хуш мод минь хэвээрээ...
Цантсан сормуустай нvдээр чамайг ширтэх сайхансан
Цаг оройтсон ч болзоондоо ирэх чинь сайхансан

Би...

...Алдаанд дургvй ч засах аргаа олдог
Атаанд дургvй ч зайлах аргаа мэддэг
Айдсаасаа айдагч аргалах нvхээ хайдаг
Амьдралд хайртай ч буцах цагаа мэдэрдэг
Vнэн худал хоёрыг адилхан vнэлж
Vнэмшиж итгэж чадвал зоосны хоёр тал гэж
Єєрийгєє тайвшруулж цоглог амьсгалдаг
Vлгэрт итгэдэг нулимстай нvдээ би
Зудтай хvйтэн сэтгэлд жиндэж царцдаг
Гантай халуун зvрхэнд хайлж урсдаг
Мэдэхгvй жилийн байхгvйн ордонд тєрсєн
Мэргэдийн сvнсний сvvдэр тєдий билээ би

Гарья гадаа

Үе үехэн санаа алдуулж
Өвөр ард минь ээрэх гунигийг
Өөр хаана ч биш
Дэрэн доороо чулуудчихаад
Үсээ задгайлж өөрийгөө гоёоод
Үй олны дунд замхрая
Өнгө нь болж хаа нэгтээ уусья
Гарья даа
Ганц хором нь ч үнэтэй амьдралд
Гансарч суухын учир юусан
Гал халуун залуу насыг
Ганцаардуулж хөлхүүлэхийн учир ч юусан
Гуниж өнгөрүүлсэн мөч бүр
Гудманд хаясан эрдэнийн адилаа
Гундааж болохгүй залуу нас минь
Гуйгаад ч мөнхрөхгүй ертөнцийн хүрдээ
Амжиж хайрлая наран жаргахаас өмнө
Амжиж дурлая зүрх минь зогсохоос өмнө
Амжиж бүжье хөгжим өндөрлөхөөс өмнө
Амжиж амтлая амьдрал алдрахаас өмнө
Гарья гадаа
Ганц л хүртэх амьдралыг жаргалаар цэнэглэе

Хувь тавилан

Ядуу хоосон гэж хувь тавилангаа битгий худалдаарай
Яаж ч эргэж мэдэх тул хэнийхээр ч битгий солиорой
Чин сүсэгт итгэж бурханд битгий даатгаарай
Чи л өөрөө эзэн нь учир хувь тавиландаа үнэнч байгаарай

Чамд би...

Тэртээх хаврын өдрүүдийнх шиг хөтлөлцөөд нэг алхалмаар
Тийм яруухан мөч хүлгийн төвөргөөн шиг нижигнэн
Уйтай сэтгэлийн минь аниргуйг сэрээнэ
Уулга алдан айсуй
Үгүй дээ хайрт минь би мартаж чаддаггүй
Үнэндээ чи ч бас мартагдахыг хүсдэггүй
Харцны чинь гэгээнд шүлэг тэрлэж явахад
Хаврын шувуудын дуун эцээд болдоггүй
Заяа заяагаа дагсан тавилан гэж байхаас
Зайгүй дотнохон сэтгэлд хагацал гэж байдаггүй
Мянган хунгийн жигүүрийн салхинд сэмрэх
Мяндсан үүл шиг хэврэгхэн сэтгэл надад байдаггүй
Орь залуу нас хийгээд гуниг уйтгарын тухай
Одоо би шүлэглэхээн больсоон
Өтгөн мөчирт зугаацаж ханаад гургалдай нисч одох мэт
Өнгөрч холдсон дурсамжаасаа аажуухан залхах болсон
Чиний тухай мөрөөдөж ханасаан амраг минь
Цээжин дэхь нууцаа задлахыг чинь харин хүлээхгүй
Аянч хун нуурын толионд буух шиг л
Алжаалж хүлээсэн цаг мөчүүд миний мэдэлд ирлээ
Мянган жил өнгөрөвч шинэхэн байх үгийг
Магад одоо л хэлье чамд би хайртай

Б. Ичинхорлоо

Чамд би дурлачихсан

Нэг л мэдэхэд чамд би дурлачихсан
Нисэн ирэх цагаахан өдрүүдэд дасчихсан
Тэр л өдрүүдэд чи надтай цуг байж.
Тэврэлдсэн, инээлдсэн бас дурласан
Хайр гэж ямар ялдамхан төсөөлөл байдгийг
Хамгийн анх мэдрэхдээ ч ийм байгаагүй ээ
Халуун сэтгэл, дулаан харцны илчинд
Хайлна гэдгээ мэдсэнгүй явлаа.
Дулаахан үдшийн болзоонд энгэр задгайлж
Дурдатгал, дурсамж хоёроо сэдрээж Бас мартуулж
Дуугүйхэн өнгөрөх насны гэнэн дурлалаас үлдсэн
Дуусашгүй мөрөөдөлийг дахин эхлүүлсэн хайр минь ээ
Одоо надад чамаас өөр юу ч бодогдохгүй байна.
Оддын гялбаа үүлс сэмлэх шөнийн цагаар
Орчлонгийн жам дурлалын гэгээн харгуйгаар
Оргилох хүсэлдээ хөтлөгдөн алхалнам би

Дурла залуу минь надад дурла


Залуу минь чи надад дурла
Зүрх сэтгэлээ бүү харамла
Хайртай гэдгээ битгий нуу
Халуухан зүрхээ надад тушаа
Зөвхөн надад л үхтлээ дурла
Зүггүй зүрхээ бүү амраа
Хагацахгүй гэж амлах хэрэггүй
Халуухан энгэртээ л чанга тэвэр
Хонгор минь чи надад дурла
Хорин хэдхэн насыг минь
Холдож одохоос нь өмнө дурла
Уруулын минь өнгөнд унаж дурла
Ухааны минь уудамд аялаж дурла
Бэлхүүсний минь нарийханд биширч дурла
Биений минь уянд хайлж дурла
Нүдний минь харцанд ээрэгдэн дурла
Нүцгэн биеэнд минь умбаж дурла
Дурла залуу минь надад дурла
Дурлал хайранд чинь үйж үхье би!!!

Тодруулга

Зөндөө шүлэг байна. Блог дээрээ тавих гэсэн чинь дандаа хайрын тухай тэгээд бүүр
бүтэлгүй хайрын тухай шүлгүүд байна. Тодруулга хийх гэсэн юм. Энэ шүлгүүдыг би бичээгүй бас би ингэтлээ дурлаагүй шаналаагүй байгаа шүү.

БИ САЙХАН БVСГVЙ

БИ САЙХАН БVСГVЙ

Орчлонгийн сvvдрийг наранд ойртуулах гэж
Охин дуугаа тэнгэрт хадааж тєрсєн - би бvсгvй хvн
Ижийнхээ сайхныг хугаслан авч энэ хорвоод мэндэлсэн болохоор
Эгэл тєрхєндєє єєрийн орон зайтай - би сайхан бvсгvй
Зуны цэцэг шиг єнгє тєгс тєрєєгvй ч
Зорсон хєшєє шиг бие хэдий тэгшгvй ч
Зургийн хуар шиг хээ тансаг чимэггvй
Залуу насаараа л гоёсон - би сайхан бvсгvй
Чиний харцыг єєр лvvгээ удтал чилээлгэж чадах
Чимэг ч vгvй даруухан - би сайхан бvсгvй
Чимээгvйхнээр хайрыг чинь зvрхэндээ гэмгvй урьчихаад
Чилийтэл хvлээлгэж мэдэх - би сайхан бvсгvй
Жавар хургасан сэтгэлд чинь хайрын галаа цогшоож
Жаргалд хамтдаа дулаацах - би сайхан бvсгvй
Цаг цагийн тоосонд vл гундан чамаараа л гоёх
Цахилах гєрєєс шиг эрдvvхэн - би сайхан бvсгvй
Vйл заяаны учганд би чамайг сонгосон хэдий ч
Vнэндээ чиний сэтгэл намайг vгvйлсэн - би сайхан бvсгvй
Vхэхдээ хvртэл чинийхээ хайранд єлгийдvvлчихээд
єєр ертєнцєд бардамхан алхлах - би сайхан бvсгvй



Энэ өдрийн мэнд

Блогт минь цаг зав гаргаж зочлон байгаа таньд баярлалаа. 
Блог нээгээд удсан боловч санаагаа олохгүй удсан юмаа.
 Миний блогт сэдэв бол янз бүр л байх байх тэгэхдээ ихэнх хувийг шүлэг  эзлэх болно. Би шүлэг бичиж чадахгүй ээ тэгэхдээ 
шүлэг унших дуртай. 
Бас шүлэг их цуглуулдаг. Миний блогтоо тавих шүлгүүдийн
зохиогчиийг нь мэдэхгүй шүлэг зөндөө байгаа.
Зөвшөөрөлгүй авч тависан бол уучилаарай.
Уншаад таалагдсан болоод би тэмдэглэж авсан юм шүү.

Wednesday, January 10, 2007

Хөөрхөн охин

Би хөөрхөн шүү