Monday, November 19, 2007

Тэнгэр шиг бай!

Хамаг бүгдээр чамайг харааж нулимж байвч
Тэнгэр шиг бай
Хамгийн сайн хүмүүн гэж
хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай
Тэнэгүүд бүгдээр чамайг сургавч
Тэнгэр шиг бай, дуугүй дүнсийх...
Тэврээд бүгдээр үнсэвч
Тэнгэр шиг бай, аниргүй мэлтийх...
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчихаагүй цагт бүү зов
Гүтгэж доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт бүү ай
Өвчин зовлонд нэрвэгдэж тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март
Тэнгэр шиг бай
О.Дашбалбар

2 comments:

Bayana said...

Үнэхээр сайхан шүлэг шүү гэж. Тэнгэр мэт амьдарч тэнгэр мэт үх гэж

Chimi said...

Боорчи чамд маш их талархаж байна. блогт минь зочлон урамын үг хайрлаж байдагт.