Thursday, February 19, 2009

БИ ЧАМД ХАЙРТАЙ (хайртдаа)

Эмзэгхэн зүрхнийхээн цохилтийн тоогоор би чамд хайртай гэж хэлье
Эрхлүүлэх бүрт чинь хайранд чинь нялхран би чамд хайртай гэж хэлье
Зул шиг шатах амьдарлынхаа гол шиг дүрэлзэх энэ л насандаа чамайгаан хайрлаад
Зуны шөнө мичидийн дохионд үлгэрийн юм шиг мөрөөдлөө хуваалцая
Үүрээр чинийхээн өвөрт би нойрноос сэрэе
Өвсөнд тогтсон шүүдрийг аргадан өрхөөн татая
Цочсон согоонх шиг эрэвгэр нүднээсээ гунигаан хөөчихөөд
Чинийхээн энгэрт сувдан зүүлт шиг эрхлэн зүүгдэе
Үргэсэн зээрийнх шиг тогтворгүй амьдралдаа би цэг тавилаа
Үүлэн чөлөөний нар шиг зовлонгоо мөрнөөсөө унагалаа
Солирийн бороо шиг шатсан хайрандаа өөрийгөө даатгаад
Солиорсон юм шиг сүрчиг үнэртүүлэн чамайг зорилоо
Гал шиг асах хайрын минь дөл нь юм уу учрал минь чи
Галзуурсан юм шиг дурлалын минь жаргал нь юм уу уярал минь чи
Эрх дураар зангийн минь цулбуур нь юм уу эрдүүхэн минь чи
Эжий хэмээгдэх заяаны минь эзэн нь юм уу эрдэнэ минь чи
Үдшийн гялбааг чиний л хамт би хайраараа хучие
Үргэчихэж магадгүй жаргал минь чамайг би залуу насаараа аргамжая
Сар газарт буусан сүү шиг шөнийг чиний л төлөө манаж
Сайхан чамайгаан зүүдлээд сэрэхэд БИ ЧАМД ХАЙРТАЙ
гэж тайвшруулья

Monday, January 12, 2009

О.Дашбалбар : Би эгэл хүн

Үнэхээр сайхан шүлэг байна. Анх удаа уншлаа. Урьд нь уншилгүй хаагуур явж байсан юм бол. Сүүлийн үед уянгын, ухаарлын шүлэг унших дуртай болж. Хөнгөн гунигт автан бодол болон суух минь их болжээ.
Биеэрээ ч, сэтгэлээрээ ч эгэл хүн!
Уйлахад нулимс арчдаг гараас минь үнэтэй алчуур үгүй,
Уухад үргэлж зэмлэдэг нөхдөөс минь илүү ухаантан үгүй,
Унтахад толгой илбэдэг ээжээс минь илүү ачтан үгүй,
Би-эгэл хүн!
Олон намрын бороонд шавшуулж явахдаа
Орчлон дэлхийн аугаа сайханд дурласан,
Оройтсон сартай цуг хээр хоноглохдоо
Онгон тал дээр хот босохыг зүүдэлсэн.

Би-эгэл хүн!

Аян замд явах сайхан ч, эргэж, ирэх бүр сайхан,
Амраг бүсгүйдээ магтуулах сайхан ч, зэмлүүлэх бүр сайхан.
Аливаад хянуур болгоомжтой улс намайг хурц зантай гэлцдэг ч
Алганы хонхорт үл тогтох бөөрөнхий байхыг хүсээгүй!

Би-эгэл хүн!

Халамцуу ирчихээд агсан тавьж нехдедее тунирхаагүй
Хавийн улсыг түйвээж, охидыг айлгаагүй,
Хааяа хэтрүүлсэн бол өөрөө л шаналж
Хашгичиж зовоодоггүй гэргийдээ баярласан!

Би-эгэл хүн!

Харыг хар, цагааныг цагаанаар нь хэлж
Хан хорвоод нөхөр, дайсан байдгийг ялгана,
Нөхөдтэйгээ ууна ч, дуулна ч...
Нөмөр болсон гэртээ наргина ч, жаргана ч...
Би-эгэл хүн!

Амьдрал минь уртхан тууж шиг ч бай,
Аль эсхүл богинохон шүлэг шиг ч бай,
Уншиж дуусахад хувь заяа минь
Уйтгар төрүүлэхгүйг мэдэж байна.

Би-эгэл хүн!

Малчны цагаан гэрээс орчлонгийн зах руу гишгэсэн юм.
Монгол нутгийн нар эгэл цусанд минь халуун дөлтэйгээ бий!
Талх идэж, шүлгээ бичдэг би,
Тасарсан навчийг алган дээрээ энхрийлдэг би!
Амь нас, сүр сүлд минь энэ навчинд шингэсэн юм шиг
Амьсгал даран ширтдэг би!

Би-эгэл хүн!

Та нараас мөнгө зээлж, маргааш нь буцааж өгдөг,
Та нартай адил аливаад шаналж, өвөр хоосон, халаас дүүрэн явдаг.
Хуралд сууж, сонинд магтуулж, болчимгүй жаал шиг аашлан аавдаа загнуулж,
Хүүхэд шиг агшин зуур гомдоод, дорхноо мартдаг!...
Болох болохгүй хэрэгт өөрийгөө өмгөөлөн, хэцүү үг хэлчихээд,
Сүүлд нь амаа барьдаг!

Би-эгэл хүн!

Чанх дээрээс ивээдэг нарыг шүтэж
Чадал, ухаан хоёроороо амьдарч явна.
Олноос илүү ч үгүй дутуу ч үгүй
Орчлонгийн баяр жаргалыг эдэлж явна.

Унтаж байгаа хүүгээ энхрийлэн үнссээр сэрээчихээд
Уйлахад нь аргадах гэж хүзүүн дээрээ суулган шогшдог би,
Ход ход инээх дуу зүрхэнд минь баярын хонх дэлдэж
Хонгор сэтгэлт гэргий минь ''алдчихваа" гэж сануулдаг.

Яг энэ агшинд шүлэг бичих санаа тархинд од шиг харваж
Яруу найрагч болдог би!
Яаран үзгээ шүүрээд, ширээний ард суудаг.
Цагаан цаас тал шиг, би үр цацаж яваа тариачин шиг.
Цаглашгүй жаргал сэтгэлийн хөндийд найрал хөгжим эгшиглүүлэхэд

Би-яруу найрагч
Цасан будрахад сэтгэл хенгерч, енийг мөрееддөг би,
Цаг мөч, шувуудын далавч шиг дэрэвсээр тэнгэрийн гүнд уусахад
Шүлгээн би та нарын гар дээр бүлээн талх шиг тавьдаг,
Шүүдэр цуглуулж, цай чанаж өгснөөс дутуугүй баярладаг!

Сэтгэлд минь салхи шуурга хуйлран, хүйтэн салхитай едер шиг хямрахад
Сэтгэлд минь шар навчис хийсэн, нулимс минь бембөрөн байхад
Хүний месее би эцэг шигээ дээдэлж явсан,
Хүч хүрэхгүй бол сэтгэлдээ шаналж
Хүмүүс та нарт яаж шүү туслая даа гэхээс алаг зүрх минь тогтож ядсан!...

Хаа нэгтээ болж буй дайны цуурай дэлхийд тархахдаа
Хадаас адил зүрхэнд минь шигдэж зовоодог байсан.
Олон үгтэй гэж хэн нэг нь намайг зэмлэг,
Орчлон ертөнц шархтайгаа зүрхэнд минь багтдаг шүү!

Галт тэргэнд суугаад хол явахдаа би,
Гар даллан үлдсэн хүмүүсийг сэтгэлдээ тээж явдаг.
Газар дэлхий дээр азаар төрсөндее баярладаг
Газар минь надад дандаа хуримын ширээ шиг санагдаагүй ч
Галын дэргэд үлгэр сонсож суухдаа диваажингийн жаргалыг мэдэрдэг би!

Үдшийн гуниг, өглөөний баяраа хуваалцаж явсан болохоор
Үнэндээ хүмүүс минь та нарт л итгэж, та нарт л сөгднем...
Өнөөдөр та нарыгаа би өргөн хорвоотой цуг тэвэрье,
Өмнө чинь нарны гэрлээр шаглаж, тэнгэрийн цэнхрээр эмжсэн дууны баглаа тавья!
Эмэгтэйчүүлд нь цэцгийн дээжис солонгоор ороож баръя,
Эрчүүлтэй нь хундага тулгаж, оддын туяаг тэнгэрээр амтлан ууя!

Monday, December 15, 2008

Энэ шүлгийн нэлээн эрт хуулж авч байсан юм байна. Даанч зохиогчийг нь бичиж аваагүй бна. Хуучин цуглуулгаасаа уншиж байгаад таалагдлаа.
Зүрх зүүн талд байдаг юм байна
Зүүрмэглэх шөнийн сэрүүн навчис надад хэллээ
Зүрх зүүн талд байдаг юм байна
Зөөлөн дэрэн дээр чимээгүй бөмбөрөх нулимс минь
хэллээ
Зүрх хүнд байдаг юм байна
Зөрүүд хатуу хорвоогийн хориод нас минь хэллээ
Зүрх надад байсан юм байна
Зүсэр бороон дундуур олдсон зөрөг зам хэллээ
Зүрх бас өвдөж шаналдаг юм байна
Зөөлөн эрдүү дууг чинь сонсоод эдгэрдэг юм байна
Зүрх надад байсан юм байна
Зөвхөн чи л надад байхгүй байсан юм байна

Wednesday, December 10, 2008

Зөвхөн чинийх байя

Анх хоёул учран харц тулгаран ичингүйрэхэд нь
Алагхан зүрхний чинь гүний дурлалын соёо нь би байя
Хайрын болзоонд яаран яаран ирэхэд нь
Халуун үнсэлт тэврэлтээр угтах амраг чинь би байя
Санан санан үгүйлэх сэтгэлийг нь эзэмдсэн
Сайхан бүсгүй чиний хайр чинь би байя
Нууж догдолж хайрласаар хуримын бөгж зүүхэд нь
Насан үүрд ханилах хань чинь би байя
Хосоор амьдрах энэ орчлонд ханьсан амьдрах
Хос баганын чинь нэг нь би байя
Үрийн зулай үнэрлээд бүүвэйн дуу аялахад чинь
Үнэгчлэн нойрсох хүүгийн эцэг нь би байя
Өглөө бүр аагтай цайныхаа дээжийг барихад чинь
Өргөө гэрийн нь хойморт эзэн нь би байя
Өнгөт энэ хорвоогоос өөр би юу ч хүсэхгүй ээ
Өнөөдрөөс эхлээд би зөвхөн чинийх л байя

Tuesday, December 9, 2008

Үндсэрхэг бай бүсгүй минь

Харамлана харамлана чамайг л ганцхан харамлана
Ханиа л гэж ганцхан өмчилсөн гэргийгээ
Бурханаас хүртэл харамлана
Үндсэрхэг бай бүсгүй минь
Өөрийг чинь өмчилсөн эр нөхөртөө үндэсрэхэг ханд
Үнэндээ бүсгүй хүнд эр нөхөр чинь эх орон
Үйлийн чинь аясаар хатуурч зөөлөрч
Үнсэлтийн чинь цэнгээр гандаж мандана
Хазгай гишгэхэд чинь тэнгэр шиг хилгэнэж
Хайлган айланд чинь дуу шиг уярна
Харамлана харамлана чамайг л ганцхан харамлана
Ханиа л гэж ганцхан өмчилсөн гэргийгээ
Бурханаас хүртэл харамлана
Өнгө нь бараан хорвоод тавилангаа холбосон
Өөрийг чинь овоглох эх орондоо үнэн ч бай
Өдрийн цагаанд урьдаан барьж
Шөнийн бараанаас өмнүүр чинь халхлах
Өөрийнхөөн эх оронд үндсэрхэг бай бүсгүй минь ээ
Ц.Бямбажаргал "Чимээгүй оршино" яруу найргийн номноос

Сайн уу андууд минь

Сайн уу андууд минь энэ өдрийн мэнд. Блог ертөнцдөө бичилгүй их уджээ. Бичих юмсан гэж өдөр бүр л боддог байлаа. Өдөр бүр л бусад блог андуудынхаа блогоор зочлон уншиж байлаа. Сүүлийн бичлэг хийсэнээс хойш нэг сар гаран амраад ажилдаа орсон. Ажилдаа ороод 4 сар болж байгаа ч бичлэг хийх цаг зав өөртөө гаргаж амжихгүй л байлаа. Бас нэг шалтгаан байсан юмаа багийн минь хамгаас дотно найз минь энэ зун гэнэт биднийгээ орхин бурханы оронд одсон юм. Түүнийхээ тухай дурсамжийн бичлэг эхлүүлээд дуусгаж чаддаггүй. Миний эвлүүлэн бичсэн сэтгэлд минь хүрэхгүй дутуу дулимаг нэг л санасанаар минь болохгүй юм. Тэр бичлэгээ блогтоо тавиад дараа нь бичлэгээ үргэлжлүүлнэ гэж бодсоор ийм удаан бичсэнгүй. Одоо тэр дурсамжийн бичлэгээ дуусгаагүй сэтгэлдээ хүргэж чадахгүй л байна. Нэгэн яруу найрагч ингэж хэлсэн байсан юм. Би ээжийнхээ тухай шүлэг бичээгүй. Яагаад гэвэл тэр хүний бүх сэтгэлийг илэрхийлж гаргаж чадахгүй дутуу юм бичсэнээс бичихгүй байсан нь дээр гэж. Үнэн үг юмаа.
Одоо цаашид бичлэгээ идэвхтэй бичин үргэлжүүлнээ.

Friday, June 27, 2008

Амралт эхэллээ.

Өнөөдөр ажлын сүүлийн өдөр. Амрах гээд ажлаа цэгцлээд сүүлийн өдрүүдэд ажил ихтэй байлаа. Зуны налгар, дулаан өдрүүдийг амарч өнгөрөөнө гээд боддоо сайхан байгаа биз дээ. Амарлаа гээд блогоо орхихгүй ээ бичлэгээ хийж байнаа. За түр баяртай. Би амрахаар явлаа.