Дундуур бүхнийхээ төлөө гэгээн дурсамжинд очдог
Дурласан зүрхнийхээ төлөө гэнэн мөрөөдөлд автдаг
Асгарсан хайран дээр минь нар илүүдсэн жилүүд
Амрагийн зүүднээс намайг цагаан гунигтай сэрээдэг ээ
Ургадаггүй цэцгийг би зүрхэндээ тарих дуртай
Уруулын балтай хөрсөнд согтуу ургах дуртай
Энгэрийн цагаан товчин дээр тэнгэрийн сарыг өеөдүүлж
Эрхэлж хоносон шөнүүдийг цагаанаар бодох дуртай
Дурлалын гэгээн сүмд минь эхнэртэй залуу ирдэг
Дүгрэг цагаан сарыг дундуур нь цуулж ирдэг
Хайранд минь тэр дандаа халамцуу голдуу ирдэг
Хачин гунигтай дурлалаа зүрхэндээ нууж ирдэг ээ
Бурхан зураагүй замаар ганцаар гүйчихсэн хойноо
Буруу нь илүүдсэн хорвоод чамаараа би дэндүү дутлаа
Ийм бардамхан хайран дээр нүгэл бууж чаддагүй юм билээ
Ийм богинохон жаргал дээр ухаан хэзээ ч суудаггүй юм билээ
1 comment:
Энэхүү шүлэг О.Нандинцэцэг яруу найрагчийн бүтээл байна.
Post a Comment