Санаа нийлэх нэгнээ олны дундаас олж
Сайн мууг нь таниад анд найз бололцож
Сартай нартай хорвоод бодлоо хуваалцан нөхөрлөн
Салахгүй шахам ханьсаад биесээ түшин явдаг
Анд найз гэдэг ховор олдох эрдэнэ
Авааль эхнэрээс дутуугүй надад эрхэм байдаг
Найз нөхдөөр минь хэн нэгэн намайг дүгнээд гарна
Насны зөрүү хамаагүй сайн л найз байвал.
Хүний мөс муудсан өнөө цаг үед
Хүйтэн жиндүү дотортон одноос олон болсон ч
Нийгмээ дагаад гадаад төрх нь танигдахын аргагүй өөрчлөгдсөн ч
Нэрийн хуудас болсон эрийн жудгаа гээгээгүй
Арван хуруунд багтах хэдэн сайн найз
Аргагүй л шүүрэн дээр тунаж миний сэтгэлд үлджээ
Бор дарсанд дурлаж шилэн бүрээ үлдээг нь ч бий
Боргог мөчид амьдралтай учраа олоогүй нэгэн ч бий
Албан тушаал дэвшээд гялалзаж яваа энд ч бий
Амьдралын их далайд хөлөө бат олсон нь ч бий
Бүгд л миний хэдэн жинхэнэ анд нар болохоор
Бөөр алаг үзэж тэднийгээ би дугаарладаггүй
Хүрч чадахгүй мэт оргилд мацаад хэн нэгэн нь гарсан ч
Хүний мөсөө гээхгүй гэдэгт итгэж байдаг юм би
Ажил ихтэй оройтох нь гэж утсаар хэл дуулгаж
Авааль эхнэрүүдээ молигодож хэдүүлээ цуглаж аваад
Эр улс л юм болохоор дундаа бор дарс тавиад
Инээж наргиж дуулж, биесээ чангахан явуулж
Бүсгүй хүний тухай ам уралдан цуурцгааж
Бүрэг хүн сонсвол улайж шатмаар юм болно
Эхнэртээ хэлдэггүй үгээ анддаа хэлдэг юм эр хүн
Эргэцүүлж бодлоо хуваалцан, найздаа сэтгэлээ задалдаг юм
Жаргалыг нь хамт амтлаж, зовлонг нь хамт амсдаг юм
Жадны хурц үзүүрт жинхэнэ найз байдаг юм.
Туг бариад давхивал би найз нараа татна
Тугал хариулаад гэлдэрвэл анд нар минь намайг татна
Дээс эрчиндээ чангарч урагш хол явдаг шиг
Дэм дэмэндээ энд нартайгаа дээшээ хэд алхаж л байна
10 саятай явбал нэг хэсэгтээ түрийвч зузаан
10 найзтай явбал нэг насандаа итгэл зузаан
Амьдрал гэдэг их далай цацаа цалгиа ихтэй шүү
Андаа зөв олоод завиа хамт сэлүүрдэцгээ
1 comment:
Туг бариад давхивал би найз нараа татна
Тугал хариулаад гэлдэрвэл анд нар минь намайг татна
Таалагдлаа.
Чи шүү гэжв Блог дээрээ тавилаа шүү
Post a Comment