Thursday, January 10, 2008

Аавдаа

Амьдрал чи намайг юунд ингэтэл санаашруулж
Арчаагүй нэгнийг нь биш аавыг минь аваад одсон юм бэ
Асгартал уйлая гэлээ ч замд нь садаа болдог гээд
Аньсганд хурсан нулимсаа дотогшоо залгиж тэвчсэн дээ
Арван гурван настай балчир хүүгээ орхиод
Амь шигээ хайрладаг байсан хөөрхөн охиноо үлдээгээд
Асралт сайхан хань миний ижийгээс буруулаад
Алсын нэгэн одруу анир чимээгүй одож
Аяархан мартагнуулж алсарсаар арван жил өнгөрч дээ
Аниргүй шөнийн нойрон дунд таныгаа л бодсоор унтаж
Алсын оддын гялбаа тэргүүнд гэрэлтэн байхуйд
Аав минь та зүүд үргээж ирнэ
зүрх уярааж хэлнэ
Тэртээх жилүүдийн түүчээнд үлдэж хоцорсон боловч
Тэвэрч өсгөсөн юм шүү та нарыгаа аавынх нь босоо хийморь
Тэнгэр эрхэс, ер эгэл юм бүхнээс
Тэтгэж өргөсөн юм шүү аавынх нь босоо заяа
Тэвчээрээр хэрэм хийн амьдралын шуургыг сөрөөрэй
Тэргэл саран шиг гэрэлтэх өөрийнхөө итгэлээр бамбарлаарай
Цэнгэн жаргаж явахдаа хүн хэвээрээ яваарай
Цэцгийн гурван сардаа ээждээ нэг очоорой хэмээн
Зүрхэнд минь шивнэхдээ нулимстай байдагаа аавын минь төрх
Зүүдийг минь жаргаахдаа гунигтай байдагаа аавын минь сэтгэл
Зөн совингийн орноос яаран ирээд жаргалтай буцахдаа аав минь
Зүг зүгийн бурхадтай хийморийг минь тэтгэсээр оршдог оо
Батхүү

No comments: