Thursday, January 3, 2008

Дурсамж, мєрєєдєл дүүрэн нэргүй шүлгүүд

Мөнхийн аз жаргал хэзээ хаана байсныг
Магад маргааш л ганцхан мэднэ
Намар үдийн ялаа нарыг үл тоомсорлох нь
Нээрээ, жаргалын үнэ цэнэ зөвхөн мэдэхгүйд л байна гэх шиг

*****
Сэтгэлд нэг л хөндүүр санаа алдахад
Цагаан хяруу туучин дурсамж айсуй
Саруулхан биш ч гэгээ тодорсоор үүр хаяарна
Цайдам талд өнгөө бид хоёр эрвээхий хөөн наадна...

*****
Өдөр бүр
Өдөр бүр
Би өөрчлөгдөнө
Чи өөрчлөгдөнө
Бид өөрчлөгдөнө
Бүх юм өөр болно
Өдөр бүр
Би чамд шинээр дурлаж
Чи надад шинээр дурлаж
Бид шинээр эхэлнэ
Бүх юм шинээр эхэлнэ
Нарны өнгө чиний даашинз
Намрын салхи насны намба
Бүгд л өдөр бүр өөр өөр
Бурхан минь! Хайр минь л хуучин хэвээрээ...

*****

Амьдралын хуудсууд он цагийн салхинд эргэсээр
Ард минь юу ч бичээгүй шинэхэнээрээ хуудсууд шарлан хийссээр
Амьдрал орчлонгийн ээдрээг тайлж чадахгүйн учигт
Аглаг сэтгэлийнхээ гүн рүү шургалж би бодлогширно.

Болодын Мєнхдєл

No comments: