Хайртай гээд ирэхэд чинь анх харсан билээ
Хайрын бурхан мэт шүтэхэд чинь анх болзсон билээ
Хар нулимсаа цувуулан гуйхад чинь анх итгэсэн билээ
Хэний ч хэлээгүй үгийг шивнэхэд чинь анх дурласан билээ
Тиймээ энэ миний анхны дурлал байсан
Тэргэл сартайд чамайгаа үгүйлдэг болсон байсан
Тэнгэрт 2лхнаа заяасан дурлалын бурхад мэт байсан
Тэр л үед чи минь наддаа өөрийгөө зориулдаг байсан
Тэнхээ тамираа тасартал бие биенээ хүсдэг байсан
Тиймээ энэ миний эр байсан
Хоёр зүрхээ бусдаас харамладаг байсан билээ
Хос нүдээ ч бусдаас нуудаг байсан билээ
Хэн нэгэндээ тунирхан гомддог байж билээ
Хэзээ ч салахгүйгээр маш их үгүйлдэг байж билээ
Тиймээ энэ миний анхны тунирхал байсан
Итгэл даагаагүй гээд бие биендээ хар нэмж байсан
Ингэх л ёстой юм шиг салж, нийлэн найзалсаар байсан
Энэ л үед бие биенээ үгүйлэх хайр багассан мэт байсан
Энэ л хугацаанд бид бие биенээсээ холдсоор байсан
Тиймээ энэ миний анхны хөрсөн сэтгэл байсан
Чамаас салъя гэж хэлэх надад хэцүү байгаагүй
Чамтай хамт байхгүй болсон гэж бодох сонихон байсан
Чамаас өөр хүнд дурлаагүй байж салахдаа өөрийгөө гайхаж байсан
Чиний яваад одсон зам надад бүдгэрсэн байсан
Тиймээ энэ миний анхны солиорол байсан
Уургын морь шиг омголон залуу насаа дахин харсан
Уулзаж учрахыг хүссэн залуусын тоо алдарсан
Ухаантай нэгнийг нь хүндэлж, унтах хүсэлтэйг нь өшигчдөг байсан
Ууж идээд, наргиж цэнгээд өөрөө өөрийнхөөрөө байсан
Тиймээ энэ миний анхны эрх чөлөөний мэдрэмж байсан
Тэгтэл би дахин дурласан, тэнхээгээ дуустал хүссэн
Тэр л хүнийг би анхны эр хүн шиг харж итгэсэн
Тэрнийхээ юунд ч дурлаж хайрласанаа ойлгоогүй
Тэгээд л бид 2ийн хайрын орчлон цэцэглэсэн
Тиймээ энэ миний анхны хайр болж байнаа
Тэгвэл өмнөх нь хайр биш шохоорхол байсан байж
Тэгсэн байхаа би чамайг үзэн ядаж чадаж байсан
Тэнэг нэгнээр ч ядах юмгүй солидог байсан
Тэнгэрлиг гэж амласан бүхэн чинь үг л байсан
Тиймээ тэр миний анхны тэнэглэл байсан
Тиймээ одоо би хайртайгаа учирсан
Тэнгэрт мандах нар шиг бид гэрэлтэнэ
Тийм л хувь заяандаа бид хайртай
Адраа саад ихтэй, ертөнц гэдэг бэрх ч Амьдрал чиний өмнө толгой гудайх хэнсэн билээ
Tuesday, January 29, 2008
Тийм л хувь заяандаа бид хайртай
Monday, January 21, 2008
~ Aмьдрал ямар гээч ....
Хvсэл хяслантай энэ орчлонд
Хvмvvн болж тєрсєндєє талархаж байна
Ачийг нь хариулж баршгvй
Аав ээждээ талархаж байна
Халуухан дурлалын минь эзэн
Хайртай чамдаа талархаж байна
Наргиж муудсан ч надтай л хамт байдаг
Найз нєхєддєє талархаж байна
Эргээд ирээрэй гэж намайг дуудсан
Эх орон танд бvvр их талархаж байна
Яагаад би єєрєє зовлон химэлнэ вэ дээ
Хєєр баясал, хєлгvй цэнгэлд
Хєлчvvрхсэн сvнс олон бий
Худал гvтгэлэг, хоосон магтаалд
Хууртаж тєєрєлдсєн оюун цєєнгvй бий
Сувдаг сэтгэлтний санаатай нєхєрлєлд
Сайн vйлстний сайхан бvтээл зvтгэл баларна
Сониуч харцны торгон vзvvрт
Сэхээгvй дурлалын vнэр ханхийнэ
Ялгуулсан мєрєєдлийн ядмагхан биелэлд
Яасан гэж сэтгэл минь ханах вэ дээ
Ямбатайхан хvслийн ядруухан нєхцєлд
Яагаад би єєрєє зовлон химэлнэ вэ дээ
Friday, January 18, 2008
Хайр гэдэг юм
Бодолд орж сэтгэлд хоногшдог тэр мэдрэмжийг хайр гэдэг юм.
Баярлаж бахархан инээмсэглэн зогсох тэр сайхан хүлээлтийг хайр гэдэг юм.
Хан хорвоогоос заяасан мэт тэр сайхан увидсыг хайр гэдэг юм
Зүрх булигуулж зүүд төөрөх мэт тэр сайхан дурсамжийг хайр гэдэг юм
Цэцэг дэлгэрэх мэт мишээл цацрах тэр сайхан харцыг хайр гэдэг юм
Цэн алт үзэсгэлэн гоотой зүйрлэшгүй тэр сайхан эрдэнийг хайр гэдэг юм
Тийм ч учраас энэ хорвоо үргэлж хайраар бялхаж байдаг юм.
Tuesday, January 15, 2008
Тэмдэглэл
Туйлын үнэн байдаг гэдэгт итгэдэггүй ээ. Юм бүгд сайн муу талтай. Аль талаас нь харахийг хүснэ тэр тал нь давамгайлдаг. Ингээд бичсэн чинь хүнд хар, цагаан энерги байдаг гэдэгт итгэдэг энэ тухай сонссон бас өөрийнхөө бодож явдагыг бичмээр санагдлаа. Хар, цагаан энерги хүн бүрт байдаг. Тэр энергийг хүн өөртөө алийг нь илүү байлгах нь тэр хүнээс л шалтгаална. Бүгдийг өөдрөгөөр харан, сайхан зүйл бодож, сайн үйл хийвэл цагаан энерги давамалгайлна. Бүгдийг бүтэхгүй гэж бодон, хар буруу санан, өвчин зовлон их ярьвал хар энерги давамгайлна. Тиймээс бүгдийг сайнаар бодон, үргэлж инээмсэглэн алхаж сэтгэл өөдрөг бай тэгвэл аяндаа бүх зүйл сайхан болноо. Та инээмсэглэн ярилцаж байгаа хүнд муухай ааш гарган гомдоож чадах уу? Бас энэ үг надад үнэн санагддаг. Хүнийг уучлах нь хамгийн том шагнал.
Диваажин шиг амьдарлын гэгээнтэн минь ээ чи дахин дурла
Өнгөндөө үнэнч ч сэтгэлдээн хуурамч амрагтаан чи дурла
Үхэж ч болдоггүй сэхэж ч болдоггүй хувь заяандаан чи дурла
Диваажин шиг амьдралын гэгээнтэн минь ээ чи дахин дурла аа
Эгэл жирийн энэ л амьдрал надад хэрэггүй ээ
Эргэх хорвоогийн жирийн хүн байхийг би хүсэхгүй ээ
Надад дотно ч бусдад аймшигт тэр л бодрол
Нарт хорвоогийн жирийн иргэн байхийг би тэвчихгүй ээ
Гашуун нулимс нүднээс асгаран газарт шингэнэ
Гал халуун дурлал магадгүй дахиад эргэнэ
Цочроо гарсан ч би эмэгтэй хүн гэдгээ дахин мэдэрч
Цасан дунд цаасан малгай өмсөж чамтай зугаална
Тэр үед чи энд ирж байсан
Тэгэхэд цас мод хайр бүгд байсан
Галзуу дурлал ч яг одоогийнхи шиг байсан
Ганцхан чи одоо хайртаа л солижээ
Анхны хайр чинь мөнүү гэх шиг модод ганхана
Амраг чинь одоо энэ үү гэх салхи исгэрнэ
Амраг минь чамдаа би хайртай гэж чи аяархан шивнэнэ
Ахиад өөр хүнтэй ирнээ гэж би сэтгэлдээн бодно
Тиймээ энэ бол хайр бас хагацал
Тэрнээс авах гэж өширхөсөн тэнэглэл
Тэгэвч чи тэнхээ алдараад
Тэсгэл алдаж хүн гэдгээ мэдсэн ухаарал
Диваажин шиг амьдарлын гэгээнтэн минь ээ чи дахин дурла
Далай их хайрынхаа баланд мансууран жарга
Өргөн дэлхий үнэний хорвоод дахин дурла
Өнгө мөнгө үнэн бүхнийг умартан жарга
Ингэдэг бол сайхан
Шартатлаа архи уугаад санааширлаа ганц гөвөөд мартдаг бол сайхан
Уйлтлаа хүнд дурлачихаад уйтгараа гурав үлээгээд хөөдөг бол сайхан
Улалзан асах сэтгэл рүүгээ улаан дарс цутгаад л унтраадаг бол сайхан
Sunday, January 13, 2008
Газрын үг
Халхын гол сэтгэл минь билээ
Их л хол харьд суугаа миний төрлүүд элгэн минь дээ
Сэлэнгэ минь байгаль руу яарсан ч гэлээ
Сэвх нь ногоо болж ургадаг
Орчлонгийн хамаг амьтныг
Олсон гээсэн нүгэл буянтай нь
Хорол газар минь хотойж даасан юм
Жигүүртэн жигүүртэн гээд
Тэнгэрт өндөглөх биш
Жиргэж жиргэж газарт буудаг
Тал наргүй бүтэн дэлхийн
Татах хүч нь газар
Тэнүүн талын минь гар дэлхийн алд болно
Тэндээс хумсын чинээ бүү хороо
өндөлзөнхөн ургаа уулс бүхэн минь амьтай юм
үрсийг минь битгий зовоо
Давж ургадаг түүх минь ертөнцийх билээ
Давж заалдсан хорвоо минь дээ
Ханцуй наймаа омог огшуун байсан ч гэлээ
Халхын нутаг гэрэл болж зураг ээ
Гэрийн буйр, хонины бууц, хүйн чулуу
Ганцыг нь ч бүү хөнд дөө, ертөнц хөлсөнө
Хот балгадаар орчлонг дүүргэвэл
Хаана нь бид амьдрах юм бэ?
Юу ч үгүй ирсэн, юүдэнгүй цувгүй
Юндэн Балган нөхөр ч үгүй
Газартаа газар болох гэж
Ганцхан түүндээ эзэн байх гэж
Гавьяаг нь ардаа үлдээх гэж
Гавьж төрсөн юм, гийж төрсөн юм, бид
Элгийг нь эмтэлбэл элэг
Эмжээрийг нь ханзалбал элэг
Дотроос нь уудалбал элэг
Довыг нь сэндийлбэл элэг
Эмтэрнэ ээ эмтэрнэ
Эхлэл гэдэг төгсгөл байдаг шиг
Тэр цагт
Зөнөсөн хорвоо бүгдийг сэгсэрнэ
Зоосондоо дэлхий дарагдаж бөхнө
Газрын үг үнэн билээ
Гашуун ч гэсэн мэдтүгэй
Гаравын галавт дагасугай
Болор цом 2008 оны Янжинлхамын эзэн
яруу найрагч Ш.Лхамноржмаа
Болор цом
Шүүгчдийн бүрэлдэхүүнд: Ерєнхий шvvгчээр Монголын гэрэлт найрагч Д.Урианхай, шvvгчдээр “Хорвоод ганцхан ээждээ” дууг бичсэн яруу найрагч С.Оюун, Б.Батхvv, бурхантай тэрсэлддэг модернист Б.Галсансvх, МЗЭ-ийн бодлого зохицуулалтын албаны дарга М.Саруулдалай, Орхон аймгийн соёлын тєвийн дарга Ц.Дашдондов, яруу найрагч V.Хvрэлбаатар нар ажилласан байна.
Болор цомыг цомыг үзээгүй ч түүний эргэн тойроны сониноос Яруу найрагч Ш.Гvрбазар 23 жил энэ наадамд оролцож гуравт анх удаа орлоо гэж бэлгэшээж байсан нь “Болор цом” хэчнээн єндєр босготой байдгийг илтгэнэ.
Яруу найрагч Ш.Лхамноржмаа “Газрын vг” шvлгээрээ тэргvvлж эгшиглэнт охин тэнгэр Янжинлхамын бараа бологч бурхан нь болжээ.
Яруу найрагч Ш.Лхамноржмаа
Мянган оны ємнє...
Зууны ємнє уулзсан танил цаг хугацаа
Зуур хоногийн дотор ч танхил хонгор эргэдэг
Шувууд газраар нисэж, тэнгэрт амардаг
Шєнєєр vй тvмэн нар манддаг
Оюун тэргэл бvхэн сэтгэлийн нvдэнд л гэрэлтэж
Орчих огторгуйн гэгээ зvvд сvвлэж байдаг
Гандашгvй єтєлшгvй цагийн салхинаа
Ганган хорвоо хийсч байдаг аа
Хуучирсан хоногууд дурсамжаар амилан єндєлзєхєд
Хаачихаар яваа хvний vр баадан тэврэн гvйнэ вэ
Мянганы ємнєх миний ижий
Залуухан охинд хувилаад
Тєгс хайрыг дэрэн дээрээ норгож хононо
Улирсан жилvvд уяралд сэргэн ухасхийнэ
Уйлж суугаа цэцэгсийг аяар аргадаж хоргодов уу
Жарны ємнєх миний аав
Жаал хєвгvvн болоод
Зурагаа заан инээхдээ єнєє л тєрхєєрєє vзэгдэнэ
Хєрстийн тэргvvнд завилсан сааралхан хєшгийг ярж
Хаан цаг сууриндаа налайна
Эрт цагийн цэцгийн vнэрийг
Энэ биеэс угааж єгнє
Тэнгэр залсан євгєн модыг
Тэр илбэхдээ залуу болгоно
Ихэмсэг тэргvvvндээ сэтгэлээ vзvvлсэн
Их цагаан уулсын сvvдрийг
Дотогш нь урсгаж сунгаад
Далай vvтгэн хувилж жаргана
Зууны ємнє уулзсан танил цаг хугацаа
Зуур хоногийн дотор ч танхил хонгор эргэдэг
Хєрстийн зулайг тамгалж яваа
Хєлийн минь дор ертєнц байдаг
Тэндэхийн хvмvvс биднийг
Тэнгэрийнх гэдэг
Алсран цэлийх тэнгэрийн дээр
Тэнгэр байдаг
Амгалангийн орны тэр хvмvvс
Асарлагч тэнгэрийг хєрст гэдэг ээ
…Ирэх єдрvvд зєнгєєр дамжин сэрвэгнэхэд
Эвий миний ижий дэмий баахан гунина уу
Хэдэн зууны ємнє ч хамт байсан ижий минь
Хэв торго шиг гунигийн чинь
Хээнд нь нэг бvдэрлээ
Галав даган амьдрах мєнх жимээр цуварч
Гарын хээгээ танихгvй болсон ч бидэн
Сэтгэлийнхээ vнэрээр биесээ мэдэрнэ
Сэхэл гэж байхгvй, vхэл гэж байхгvй ээ
… Зууны ємнє уулзсан танил цаг хугацаа
Зуур хоногийн дотор ч танхил хонгор эргэнэ
Сая жилийн ємнє ч хамт л байсан
Сая жилийн дараа ч хамт байна, ээжтэйгээ
Thursday, January 10, 2008
Аавдаа
Арчаагүй нэгнийг нь биш аавыг минь аваад одсон юм бэ
Асгартал уйлая гэлээ ч замд нь садаа болдог гээд
Аньсганд хурсан нулимсаа дотогшоо залгиж тэвчсэн дээ
Арван гурван настай балчир хүүгээ орхиод
Амь шигээ хайрладаг байсан хөөрхөн охиноо үлдээгээд
Асралт сайхан хань миний ижийгээс буруулаад
Алсын нэгэн одруу анир чимээгүй одож
Аяархан мартагнуулж алсарсаар арван жил өнгөрч дээ
Аниргүй шөнийн нойрон дунд таныгаа л бодсоор унтаж
Алсын оддын гялбаа тэргүүнд гэрэлтэн байхуйд
Аав минь та зүүд үргээж ирнэ
зүрх уярааж хэлнэ
Тэртээх жилүүдийн түүчээнд үлдэж хоцорсон боловч
Тэвэрч өсгөсөн юм шүү та нарыгаа аавынх нь босоо хийморь
Тэнгэр эрхэс, ер эгэл юм бүхнээс
Тэтгэж өргөсөн юм шүү аавынх нь босоо заяа
Тэвчээрээр хэрэм хийн амьдралын шуургыг сөрөөрэй
Тэргэл саран шиг гэрэлтэх өөрийнхөө итгэлээр бамбарлаарай
Цэнгэн жаргаж явахдаа хүн хэвээрээ яваарай
Цэцгийн гурван сардаа ээждээ нэг очоорой хэмээн
Зүрхэнд минь шивнэхдээ нулимстай байдагаа аавын минь төрх
Зүүдийг минь жаргаахдаа гунигтай байдагаа аавын минь сэтгэл
Зөн совингийн орноос яаран ирээд жаргалтай буцахдаа аав минь
Зүг зүгийн бурхадтай хийморийг минь тэтгэсээр оршдог оо
Батхүү
Tuesday, January 8, 2008
Үнсэлт бүхэн хайр биш…
Үүнд итгэ,хонгор минь
Хойтон хаврын шувууд эрт ирнэ. итгэ
Хоёулаа дахиж уулзахгүй, итгэ
Агшны яруу сайханд хөл алдахдаа би харамсдаггүй
Аялуун гэнэн харц чинь л дэндүү дотнохон санагдсан
Намрын шувууд буцахад эр хүн гуньдаггүй
Намайг хайрлах сэтгэл чинь шаналалаас өөр тусгүй
Хойтон хаврын шувуу шиг эргэж чамд очихгүй
Хорин насны учрал гэнэн гэдэгт итгэхгүй
Намрын цагаан салхи шиг сэтгэл нь сэнсэрсэн
Над шиг хүнээс хайр хүлээгээд нэмэргүй
Үнсэлт бүхэн хайр биш
Үүнд итгэ,хонгор минь
Хойтон хаврын шувууд эрт ирнэ,итгэ
Хоёул аа дахиж уулзахгүй, итгэ.
Б. Ичинхорлоо
Monday, January 7, 2008
Хайрын түүх
Нэг сонин юм бичих үү. Намайг ийм их шүлэг цуглуулаад их дурлаж байсан түүх минь юм.
Та нар их гайхах байхаа. Тэр надад би түүнд зориулж захиа, эмайл бичиж, утсаар ярьдаг байсан. Цааш нь бичих үү байх уу. За за нэгэнт эхэлсэн юм чинь бичихээр шийдлээ.
Яаж танилцсан гэж үү. Манай найз бүсгүйгийн найз залуугийн найзууд нь гадаад сурдаг найзыгаа гаргаж өгөх гээд уулзаж байна гээд би цуг очсон юм. Тэр гадаад сурдаг залууд би, тэр надад таалагдсан. Ингээд л тэр өдөр маргааш нь бид уулзсан. Тэгээд л тэр яваад өгсөн.
Богинохон хугацаанд их хүчтэй дурласан байгаа биз. Тэгээд бид 1 жил гаран харилцаатай байсан. Тэгээд хол байгаа хүмүүс бие биеийнхээ
хайрыг хажууд нь байж мэдрэхгүй болохоор уддаггүй юм билээ.
Одоо бид ямар ч харилцаа байхгүй. Одоо ч тэгээд тэгж дурлаж байснаа шүлгээ уншаад л мэддэг. Түүнээс хойш дурласангүй ээ гэж. Би ер нь хэдэн удаа дурлаж байсан ч одоо яг аль нь миний анхны хайр байсаныг мэддэггүй юмаа. Бүгд л дурсамж дүүрэн, сайхан, сэтгэл хангалуун байсан. Үхэх дээ бодсон хүн минь л жинхэнэ хайр минь байх байх гэж бодох юм.
Thursday, January 3, 2008
Дурсамж, мєрєєдєл дүүрэн нэргүй шүлгүүд
Магад маргааш л ганцхан мэднэ
Намар үдийн ялаа нарыг үл тоомсорлох нь
Нээрээ, жаргалын үнэ цэнэ зөвхөн мэдэхгүйд л байна гэх шиг
*****
Сэтгэлд нэг л хөндүүр санаа алдахад
Цагаан хяруу туучин дурсамж айсуй
Саруулхан биш ч гэгээ тодорсоор үүр хаяарна
Цайдам талд өнгөө бид хоёр эрвээхий хөөн наадна...
*****
Өдөр бүр
Өдөр бүр
Би өөрчлөгдөнө
Чи өөрчлөгдөнө
Бид өөрчлөгдөнө
Бүх юм өөр болно
Өдөр бүр
Би чамд шинээр дурлаж
Чи надад шинээр дурлаж
Бид шинээр эхэлнэ
Бүх юм шинээр эхэлнэ
Нарны өнгө чиний даашинз
Намрын салхи насны намба
Бүгд л өдөр бүр өөр өөр
Бурхан минь! Хайр минь л хуучин хэвээрээ...
*****
Амьдралын хуудсууд он цагийн салхинд эргэсээр
Ард минь юу ч бичээгүй шинэхэнээрээ хуудсууд шарлан хийссээр
Амьдрал орчлонгийн ээдрээг тайлж чадахгүйн учигт
Аглаг сэтгэлийнхээ гүн рүү шургалж би бодлогширно.
Болодын Мєнхдєл
Wednesday, January 2, 2008
Өөрийгөө би танихсан
Амьсгалсан агаар минь ч Монголынх
Алхаж гишгэсэн газар шороо минь ч Монголынх болохоор
Ашдын сайхан нутаг Монгол нутагтаа би хайртай
Алаг эрээн хорвоод хүн гэдгээ зарлан
Арван сар тээсэн эхийн сэтгэлийг баясгаж
Амар амгаланг цочоон дуугаа эхэлсэн болохоор
Амдаж тоссон аав, ээждээ би хайртай
Азтайхан учралаар чамайгаа олон
Алтанхан дэлхийд баярлаж
Амьдралын нугачаанд өртөөгүй яваа болохоор
Амраг чамдаа би хайртай
Аав л ээж хоёрынхоо ачийг хариулан
Амьдрал жаргал хоёрыг мөнхөд юм шиг санаж
Авъяас, мэдрэмж хоёроо ашиглаж яваа болохоор
Амьдрал буцалсан орчлонд өөртөө би хайртай
Алдаа гарвал минийх шүү гэж
Гайгүй нэгэн гэгээ бий бол
Гавъяа нь минийх шүү гэж яваа болохоор
Мэргэдийн ухаантнаар олж авсан мэргэжилдээ би хайртай
Эр хүн аавдаа чулуу болж бутартал
Уяхан сэтгэлт ээждээ уул болж сүндэрлэтэл
Өөрийгөө би танихсан
Баяр гуниг сүлжилдсэн алаг цоог орчлонд
Бараан цагаан хосолсон амьдрал тэмцлийн нугачаанд
Бадарч, баларч явсан нь нэрээн би дээдэлж
Буруу зөв бүхнээ дэнслэж өөрийгөө би танихсан
Ус нь хатуугаа иддэг хорвоогийн жамыг дагахаар
Уйлахаас өөр аргагүй урсаж алга болмоор
Өөрийгөө би танихсан
Эгэл олон түмэндээ буян хишгээ хүртээсэн
Энэ л өөрийн ертөнцдөө өөрийгөө би танихсан
Амжуулж хийгээгүй бүхнээрээ хойч үедээ дурсагдсан
Аавын нэрийн бахдал болж өөрийгөө би танихсан
Тэнэмэл үгээр хоол хийж
Тэрсэлдэж хэнтэйгээ би маргах вэ
Өөрийгөө би таньж явна
Өрөөлийг би таньж амьдарна
Үйлс ариун шударга явбал
Үнэнийг хишгийг хэзээ нэгэн цагт хүртэнэ
Үдийн нар шиг чи бидний амьдралд
Үлгэрийн юм шиг жаргал мөнхөд ирнэ.
Бадамлах зулын гэрэлд
Бурхны сургаалаар гэгээрч
Баринтагч судраа тэвэрч
Гэрээ нар зөв тойрч
Өнгөт хорвоод би танигдана
Буурал түүхт хорвоогийн будан манан дунд
Буцаж ирэх учралын зуун элээхгүй орчилд
Буян заяа хоёроо үр удамдаа үлдээж
Бурхан болох үедээ ч нэр минь мөнхөртөл би танигдана
Б.Цолмонтуяа
Tuesday, January 1, 2008
Бурхантай хийсэн ярилцлага
Энэ бол Бурхантай хийсэн ярилцлага...
Нэг удаа би БУРХАНаас ярилцлага авч байна гэж зүүдэллээ.
"Чи надаас ярилцлага авахыг хүсч байна уу?" гэж БУРХАН асуулаа.
"Хэрэв Танд цаг байгаа бол" гэж би хэллээ.
БУРХАН инээмсэглэн,
"Миний цаг хугацаа бол дуусашгүй", "Чи надаас ямар асуулт асуумаар байна" гэж БУРХАН асуулаа.
"Хүний чухам юуг Та их гайхдаг вэ?" гэхэд БУРХАН хариулав.
"Тэд хүүхэд наснаас салахыг хүсч,
том болох талаар ярилцдаг ч том болсныхоо дараагаар
эргээд хүүхэд болохыг хүсдэг.
Тэд мөнгө олохын тулд эрүүл мэндээ орхидог.
Дараа нь харин эрүүл мэндээ аврахын тулд мөнгө зарцуулдаг.
Тэд одоогийн байгаагаа мартан ирээдүйн талаар ихэд боддог ч өнөөдөр ч тэр,
ирээдүйд ч тэр амьдрал нь яг адилхан.
Тэд хэзээ ч үхэхгүй юм шиг амьдардаг ч хэзээ ч амьдарч байгаагүй юм шиг үхэцгээдэг."
Тэр миний гарыг атгахад би хэсэг чимээгүй байлаа...
Тэгээд би дахин асуулаа...
"Та ямар сургаалыг хүмүүст хандаж хэлмээр байна"?
"Бусдад хүчээр хайрлуулах боломжгүй юм. Тиймээс чиний хийж чадах зүйл бол бусдад хайр үзүүлэх явдал.
Өөрийгөө найзуудтайгаа харьцуулах нь тийм ч сайн зүйл биш.
Хайртай хүнээ гомдооход хэдхэн хором л хангалттай. Харин тэднийг буцаан эргүүлэхэд удаан хугацаа шаардагдана.
Чамд хайртай гэдгээ байнга хэлдэггүй ч чамд хайртай хүмүүс байдаг гэдгийг сана.
Хоёр хүн нэг зүйлийг харж болох ч тэд хоёулаа ижил биш учир өөр өөр өнцгөөс хардаг.
Нэг нэгнээ уучлах нь хангалттай биш юм. Чи өөрийгөө яаж уучилсан шигээ найзаа ч бас тэгж уучил."
"Цаг гаргасанд баярлалаа" гэж би хэлэв.
"Өөрийн хүүхдүүдэд хэлэх өөр зүйл байна уу?"
БУРХАН инээмсэглэн хэллээ
"Би Та нарын төлөө байдаг юм шүү. Үргэлж..."
Бурхантай хийсэн ярилцлагыг орос хэлнээс орчуулсан гэнэ. Хэн орчуулсаныг мэдэж чадсангүй.
Харин www.luunz.net-с авлаа.