Friday, November 30, 2007

Маргааш 12 дугаар сарын нэгэн буюу Дэлхийн ДОХ-той тэмцэх өдөр.

Дэлхийн ДОХ-той тэмцэх өдөр болохоор ДОХ-той хобоотой монголын талаарх баримт бичлээ.
Монгол хүн ДОХ-ын халдвартай байдлаар 35 торхиолдол илэрсэн.
Үүнээс 5 нь ДОХ өвчний улмаас бурхан болсон. Одоо 4 хүн ДОХ-ын өвчлөлийнхөө шатанд орсон. 26 хүн вирус тээгч байдлаар амьдарч байна.
Одоогоор өвчний эцсийн шатанд орчихсон хүн байхгүй байна. Халдвартай эхээс төрсөн 3 хүүхэд байгаа. Тэдний нэг нь 18 сараас дээш болсон учраас шинжилгээ хийгдсэн. Аз болоход тэр хүүхэд маань халдваргүй гэдэг нь тогтоогдоод байгаа. Нөгөө хоёр хүүхдийн биеийн байдал, өсөлт хэвийн байгаа. Халдвартай юу гэдгийг нь тогтоох хугацаа хараахан болоогүй байгаа юм байна.
Хүн амын дунд халдварын тархалт нэмэгдэх хандлагатай байна.
Яахав халдвар их тархсан улсын хэмжээнд бодвол халдварын тоо бага байна. Гэхдээ монголчуудын хэмжээнд нийт хүн амдаа харьцуулаад үзэхэд энэ бага тоо биш. Насанд хүрсэн 15-24 насны залуусын дунд халдварын тархалт нэмэгдэх хандлагатай байгаа гэдгийг сэрэмжлүүлж, анхааруулж байна.

ДОХ халдах 3-н зам байдаг.
1. цусаар. Халдвартай цусыг хүний цусны урсгалд оруулахад:
Цус сэлбүүлэх, цусан бүтээгдэхүүн хэрэглэх, өөр хүний хэрэглэсэн тариур хэрэглэх, эрхтэн шилжүүлэн суулгах зэргийн үед ХДХВ-ийн халдвар цусаар дамжиж болдог.
2. бэлгийн замаар. Халдвартай хүнтэй үтрээгээр болон шулуун гэдсээр хамгаалалтгүй бэлгийн хавьталд ороход:
ХДХВ-ийн халдвар бэлгийн хавьталд ороход үрийн болон үтрээний шингэнээр дамжиж болдог.
3. халдвартай ээжээс хүүхдэд.
Халдвар авсан ээж хүүхэддээ хэвлийд байхад нь, эсвэл төрөлтийн явцад, эсвэл төрсөн хойно нь хөхний сүүгээр ХДХВ-ийн халдварыг дамжуулж болдог байна.

Харин ХДХВ-ийн халдвар дараах замаар дамжихгүй:
1. Гар барих, тэврэх г.м зөвхөн арьс хүрэлцэхэд халдвар тарахгүй.
Ханиах, найтаах зэрэгт шүлсээр халдвар дамжихгүй
2. Усан бассейн, нийтийн халуун усны газар, жорлон зэрэгт ороход халдвар авахгүй
3. Хоол хүнс, аяга, халбагаар халдвар дамжихгүй
4. Хаалганы бариул, мөнгө, нийтийн утас, нийтийн унааны суудал зэргээр халдвар тарахгүй
5.
Шумуулаар дамжихгүй

ХДХВ-ийн халдвар авснаа хүн яаж мэдэж болох вэ?
Зөвхөн шинжилгээ өгч байж л халдвар авсан үгүйгээ мэдэж болно. Тиймээс та өөрийгөө халдвар авсан байж болзошгүй гэж бодож байвал шинжилгээ хийлгэх хэрэгтэй шүү! Шинжилгээ хийлгээд ХДХВ-ийн халдвар авснаа мэдвэл эртхэн эмчилгээ хийлгэж, амьдрах хугацаагаа уртасгаж болно. Орчин үеийн эмчилгээ хийлгэснээр ХДХВ-ийн халдварыг ДОХ өвчинд шилжүүлэхгүй 10 ба түүнээс олон жил барьж болно. Мөн ХДХВ-ийн халдвар авснаа мэдсэнээр өөрийн ойр дотныхон болон бусад хүмүүст халдвар тараахаас сэргийлэх боломжтой юм.

Залуусаа...Үхэл хүнийг хүсэл тачаал хамгийн таашаалтай зүйлээр нь татаж байна гэж бодоорой. Болгоомжтой.

Надад саяхан мэссэнжерээр энэ үг ирсэн юм. Хөх тэнгэр минь ДОХ дэргэд чинь байна. Эрчүүд минь эхнэрээсээ бусдыг илүү харваас үхнэ. Mr Tugsuu

Wednesday, November 28, 2007

Tuesday, November 27, 2007

Үнсүүлэх юмсан даа их удаж

Үнсүүлэлгүй юутай удав
Үнэндээ уруул минь өнчирч байна
Үлгэр домгийн юм шиг юутай хуучин өдрүүд вэ
Үргэлжийн гэгээн сэтгэл минь ганцаардлыг тэвчсэнгүй
Үргэлжийн гунигыг хэн надад илгээв
Үнэт эдлэл мэт түүнд дурлах нь юув
Үзэмжийн төдий орчлонг гайхуулж
Үзэмжийн төдий явья гэтэл
Үүрийн гэгээ үдшийн бүрий мэт алдуурсан
Үзтэл залуу насыг яах юм бэ
Үнэн ч бус гэж хэлбэл ч хэлэг
Үнсүүлэлгүй юутай удав

Халуун зүрхэндээ жаргалтай
Харамсах үгүй амьдрах юмсан
Хайр сэтгэлдээ үнэнч чамайгаа олоод
Халуун бүр халуунаар дурлах юмсан
Цаг хугацааны эрхээр учрах хайртыгаа
Цагаахан сэтгэл минь яг одоо хүсэж байна
Үдшийн бодолдоо хөтлөгдөн
Үүрдийн дурлал чамдаа тэмүүлж байна...

Уруул хайр хоёр хамт байдаг

Гуйж мөргөөд ч болов бурхан танаас хүсье
Гунигаа тайлтал нь нэг үнсэлдэхсэн,
Гудамжинд өдрөөр, эсвэл шөнө дөлөөр
Гудайж оддын дор, өвс ногоон дээр...
Хоёулханаа орон дотроо...
Хотол үймсэн Европын гудамжнаа...

Хонгор найз элбэгтэй Персийн буудалд...
Алтан говийн элсэн дээр...
Америкийн шигүү хороололд...
Дэлхийн хаа ч гэсэн
Дээр доороо орон үнсэлдэж л бий!
Лал, Христос, Буддагийн уншлаган доор
Ламбад бүжгийн янаг аялгуун дор
Шалав норсон борооны бүлээн цутгалгаан дор
Шаахай болоод даашинзгүй, уруулын будаггүй
Шанхныхаа үсийг илбэхийн чөлөөгүй
Үнсэлдэхсэн...
Олдошгүй, үхэшгүй хайртай амрагаа
Ороонгуу мод адил тэврээд
Родланы баримал мэт хоёулаа
Мөнхийн мөнхөд үлдэхсэн...

Ц.Хулан

Monday, November 26, 2007

Бүү зугт...

Бэрхшээлээс зугтах тусам тэр хэд дахин томроод эцэстээ
зугтах газаргүй болтол нөмрөн ирдэг.
Тиймээс түүнтэй нүүр тулан нүдэлцэх нь дээр"

Охин үрээ хайрла!

Охин үрээ хайрла!
Омогдож загнахдаа ч хайрла!
Охин үрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!

Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ
Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг
Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дуулалдаг
Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ

Энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа
Ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл,
Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана
Харийн газар одож хадмын нүүрийг царайчилна!
Насаараа уухгүй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга
Насаараа амсахгүй жаргалыг нялх багад нь тоонотод нь эдлүүл
Насаараа сонсохгүй энхрий үгийг нялх багад нь гамнахгүй хэл
Насаараа нууж урсгах гашуун нулимсыг нь бодож цөөн уйлуул, охин үрээ!
Хүний гэргий болох гэж гангар шаазан шиг хагарна
Хүүхэн хонгор үрээ гарын алгандаа энхрийл
Хүй орчлонгийн жамтай тэнцүүлжтүүнээ хайрла
Хөөрхөн хонгор аалинд нь эрхлүүлж түүнээ хайрла!
Үрийн эх болох гэж алтан заадал сална
Үүлэн хонгор үрээ тэнгэрийн мандалдаа эрхлүүл
Үйл нь дуусдаггүй хорвоод балчирт нь амжиж жаргаа
Үс гэзгээ цайтал өнөд шаналахыг нь болгоо!
Зөөлөн булбарай хурууг нь зүүутастай шадарлуул
Зүйдэл оёдлын хорвоод охин үр чинь төрснийг сана
Зөөлөн хонгор аашийг нь зүйр үгтэй шадарлуул
Зөвлөх хэлцэхийн хорвоод охин үр чинь төрснийг сана
Арван жил зэмлээд ч ухааруулж амжаагүй үгийг чинь
Анхны үр ньтөрөөд үдшийн шөнөдөө ухааруулна
Хорин жил дуудаад сэрээж чадаагүй нойрыг нь
Хонгор үр нь төрөөд үүрийн жавраар ч хулжаана
Охин үрээ энхрийл, орчлонгийн зовлонд цадахын цагтаа
Огшуун нулимсандаа живэхийн цагтаа хожмоо нэг дурсана
Аавын гэрт жаргасан даа гэж хэзээд нэг тайтгарна
Ээжийн өвөрт эрхэлсэн дээ гэж эрхгүй нэг уужирна
Охин үрээ хайрла!
Хясаа сувдаа нуудаг шиг хайрла!
Охин үрээ хайрла!
Үүл усаа хураадаг шиг хайрла

Охин үрээ хайрла!
Уул эрдэнээ нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла!
Ус загасаа цэнгүүлдэг шиг хайрла

Хатуугаас хатуу үгийг ханатлаа үр чинь сонсоно
Хавраас намар хүртэл төрхөмдөө очиж хэлэх үү?
Хайртай охиноо зэмлэхдээ харцаараа ч болов энхрийл
Хаврын шувууд шиг намрын жимс шиг үгийг охиндоо хэл!
Бусдыг хайрлах л гэж төрсөн юм охин үрээ энхрийл!
Буцаж урсдаг ус байхгүй, эргэж та нарыг хайрлахгүй
Эргүүлэгт орчлон харин охин үрийг чинь хайрлахгүй
Энгэсэгт хацраар гэрэлтэвч зовлон нь та нарт харагдахгүй
Үндэс нь газарт цэцэг нь тэнгэрт
Үүн лүгээ адил санаж охин үрээ хайрла
Тэнгэрт чинь нар ч бий хур ч бий аянга ч бий
Тэнгэрлиг охин үрийг чинь жаргал ч тосно, зовлон ч тосно
Хөөрхий түүнийг нялхад нь жаргаа
Хүүрнэн сургаад яах вэ дээ орчлон түүний багш юм
Хүний л гарт очих бүсгүй түүнийг энхрийл
Хүний л эрхэнд жаргах охин үрээ хайрла!

Thursday, November 22, 2007

Зүрхээр минь бүү оролд

Зүрхээр минь бүү оролдоо
          Зүггүйтээд би чамд дурлачихаж мэднэ
          Зөөлөн гуниг тээгээд
         Зүгээрчгүй тэгээд санааширч мэднэ

Сэтгэлээр минь бүү тоглоо

        Сэм сэмхэн үгүйлчихдэг болчихно
        Хөнгөн гуниг тээгээд
       Хөлийн чимээ чагнадаг болчихно
Хайртай гэдэг үгийг
       Хамаагүй битгий хэлээ
       Харцыг чинь үгүйлээд
      Харгуй зам ширтдэг болчихно
Надаар чи бүү оролдоо
    Навчис адил хийсэж мэднэ
    Зүүдний жаргалдаа хөтлөгдөөд
    Зөнгөөрөө чамайг эрэлхийлдэг болчихно

Wednesday, November 21, 2007

Эрхэлмээр байна (эрчүүд)

Эрхэл дээ хонгор минь наддаа эрхэл
Ихэмсэг зангаа гээгээд наддаа ирээ
Хайрын дээдээр хайрлан байж
Хацар юуг чинь таалан эрхлүүлье
Мөнгөн сарыг гайхуулан байж
Магнай юуг чинь илэн эрхлүүлье
Ховдог хүслээ даран байж
Хүзүү юуг чинь озон эрхлүүлье
Ханхар сайхан цээжин дээгүүр чинь
Хэл юүгээ гулгуулан эрхлүүлье
Нүцгэн биеээ дэлгэн байж
Нүд юүг чинь баясган эрхлүүлье
Байж ядсан хүслийг чинь дарж
Бумбат рашааныг чинь амтлан эрхлүүлье
Эрхэл дээ хонгор минь наддаа эрхэл
Эгэлгүй биеээ наддаа тушаа
Эр хүн эрхэлж болохгүй гэж
Эндүүрч хэн ч хэлээгүй л байлтай

Миний хайр

Битгий их юм шаард гэж
Би чинийх биш хүнийх гэж
Байнга юунд сануулна вэ
Битгий хэрэггүй би мэднэ
Бурхан надаас хармалсан болохоор нь
Бусдаас би хулгайлсан юм чамайг
Хайрлаж бас хайрлуулах гэж
Хайрандаа тэгээд шатах гэж
Хөтлөлцөн алхаж хөгжилтэй инээх гэж
Хонгор чамдаа магтуулаад баярлах гэж
Хошуугаа унжуулж гараа савчин эрхлэх гэж
Надад зориулж шүлэг тэрлэхийг чинь сонсох гэж
Намайг хүсэх хүслийг чинь мэдрэх гэж
Тэгээд эцэст нь тэнгэрлэг дурсамжтай үлдэх гэж
Тамгалуулсан зүрхнийхээ шархирахыг мэдрэх гэж
Торомгор хархан нүднээсээ том том нулимас унагах гэж
Чамайг би хайрласан юм аа
Төөрөг зөрүү тавилангийн
Тойрч чадаагүй жаргал минь
Хувь дутах хорвоод
Ханьсах эрхгүй хайр минь ээ

Дурласан шиг дурлах сайхан

Дурласан шиг дурлах сайхан
Дуулаад л байх шиг гэгэлзэх сайхан
Дурлалдаа халууран эгээрэх сайхан
Дундуур бvхнийг хайраараа дvvргэн
Дурласан шиг дурлах сайхан
Алаг зvvдээ манан хөвөрсөөр
Ахиж унтаж чадалгvй өглөө болгох сайхан
Гал дvрэлзтэл харц мөргөлдөх сайхан
Ганцхан л чамайг бодон өөрийгөө мартах сайхан
Нэг их чанга хашгирмаар болох сайхан
Нэрийг чинь нэртэйгээ сvлэх сайхан
Хайртай шvv би дэндvv…гэж өөрийгөө уруу татахад
Хамар шархиран нулимс ивлэх сайхан
Дурласан шиг дурлах сайхан



Дурлал

Халуун зүрхэндээ жаргалтай
Харамсах үгүй амьдрах юмсан
Хайр сэтгэлдээ үнэнч чамайгаа олоод
Халуун бүр халуунаар дурлах юмсан
Цаг хугацааны эрхээр учрах хайртыгаа
Цагаахан сэтгэл минь яг одоо хүсэж байна
Үдшийн бодолдоо хөтлөгдөн
Үүрдийн дурлал чамдаа тэмүүлж байна.



Зүгээр л нэг амьдрах юмсан


Зүгээр л нэг амьдрах юмсан
Зүлгэн дээр гэрээ бариад . . .
Зүү утас нийлүүлэн хүүдээ дээл оёж
Амрагаа хүлээж
Амраг минь адуунаасаа ирж
Зүгээр л нэг амьдрах юмсан . . .

Охид минь нүүрээ буд, нимгэн хувцасла

Охид минь нүүрээ буд, нимгэн хувцасла
Олны өмнө гоо үзэсгэлэнтэй бай, бардам бай!
Хэн нэгэн чамайг харж эхнэрээ марттал
Хэтэрхий гоо үзэсгэлэнтэй бай
Зуурдхан ч хамаагүй чи дэлхийн хаан бай !
Yүнээс илүү хаанчлал гэж байхгүй
Yнэндээ орчлон гэдэг хуурамч юм
Та нар шиг охидуудаар халаасаа дүүргэх
Танхай бардам баян эрчүүдээр дүүрэн юм
Охид минь бүжиглэ нарги, битгий гунигла
Огт танихгүй залууг үнс, тэдэнд дурла

Хамаагүй хард, гомдоод уйл
Архины мухлагт ороод гар
Залуусыг сонго, дарс уу
Алтанхан залуу насаа амтлаад үз
Аяа тэр чиний
Yзэсгэлэнт боол чинь байг
Зөвхөн чи нэг юмыг ухаарах хэрэгтэй
Зөрж өнгөрөх олон өдрүүдийн аль нэгтээ
Хүссэн хүсээгүй насаа элээж
Чамтай цуг амьдрах
Хэн нэгэн хүн цэцэрлэгт
Хүлээж байгаа гэдэгт итгэх хэрэгтэй
Өөр юу ч хэрэггүй, тэр цагийг хүлээж
Өдөржин цонх ширтэн гуниглах хэрэггүй
Yүрд холын замд од
Yзэсгэлэн гоогоо харин хэзээ ч гээж болохгүй шүү
Yдийн наран чиний сайханд бишрэн

Чинийх байх эрхээ олох гэж
Минийх гэж чамдаа би очъё...


Хонгор хүү минь чи намайг энхрийл
Хориглож байсан ч даашинзыг минь тайч
Халуу төөнөтөл, бүсгүй бие шаттал
Хагацашгүй янагаар уруул дээр минь үнс
Налж суугаад зөөлөн тэвэр
Надад хайртай гэдгийг чинь мэдрэх гэсэн юмаа
Дуу алдаж, уйлж гиншмээр дурлалд
Дуртмал харц, дулаахан шивнээ хөвж
Шүдний чинь сайхныг, гарын чинь хэнэггүйг мэдэрч
Шүүрс алдан жаргах гэсэн юмаа

Хонгор хүү минь, чи намайг энхрийл
Хориглож байсан ч даашинзийг минь тайч
Бүжин туулайн хэвтэрт бүлээн зөн нуугитал
Бүсгүй сэвлэг ирвэгнүүлэн галзуу юм шиг загна
Бүрэг аашаа гээж, бүүр гөлөг шиг гийнатал
Бүхий л биеийг минь тачаангуйн тэнгэрээр нөмөргө
Хонгор хүү минь, чи намайг энхрийл
Хориглож байсан ч даашинзийг минь тайч
Чимэг зүүлтийг минь чимээгүйхэн тайл
Чинийх гэдгээ мэдрэх гэсэн юмаа.



Хайрыг би мэдрэхсэн

Хайр гэж чухам юу юм бэ?
Хайрын талаар би юу мэдэх вэ?

Хайрын тухай хүмүүс дэндүү сайхныг ярих юм
Халуун янаг, эмзэг, энхрий гэх юм
Зарим нэг нь түүний тухай ярихдаа
Дэндүү харгис бас гашуун гэх юм

Заавал бусдын ярьсантай таараад байх албагүй ч
Минийх гэгдэх тэр хайр ямархуу юм бол доо?
Хайрыг дүрсээр илэрхийлбэл ямар дүрстэй байхсан бол
Хайрыг амьтантай зүйрлэвэл ямар амьтантай төстэй бол?

Хайрыг би барьж үзэхсэн, ямар мэдрэмж төрөх бол?
Хайрыг би идэхсэн, ямар амт амтагдах бол?
Хайрыг би сонсохсон, ямар аялгуу дуулдах бол?
Хайрыг би үнэрлэхсэн, ямар үнэр үнэртэх бол?

Ингээд бодохоор би хайрын тухай огт мэддэггүй юм болов уу?
Эргэцүүлж нэг тунгаавал хайртайгаа учраагүй юм болов уу?
Эсвэл хайртайгаа учирсан ч таниагүй юм болов уу?
Хайр биш байсан ч андуурч явсан юм болов уу?

Хайраа гэж.............

Цаг хугацаа чи

Цэл залуу нас минь дурлалын галаар дүрэлзэнэ
Цээжин дэх хайрын эзэн Монголжингоо бүсгүйн
Цангинасан инээд гэнэн аашийг хором хормоор хулгайлах
Цаг хугацаа чи миний ганц дайсан

Цэл залуу нас минь алдаа бүхэндээ шанална
Цээжин дэх хүнд ачааг хором хормоор хөнгөлж
Цэцэлзэх нулимсыг арчиж сэтгэлийн шархыг эдгээдэг
Цаг хугацаа чи миний ганц нөхөр

Хундага өргөх үг

Эргэж буцахгүйн төлөө
Энэ хундагыг өргөе
Урагшаа давшиж явна гээд
Ухарч шившиг болохгүйн төлөө !

Бусдаас дутуу байж илүү гэж
Буруу ойлгоод инээдэм болохгүйн төлөө
Хөвчин дэлхийн хүчтэнтэй зиндаархах гээд
Хөлд нь үрэгдэхгүйн төлөө !

Хайртыгаа гээд дайсандаа
Хаалгаа нээж өгөхгүйн төлөө
Бусдын доромжлон байгааг мэдсээр байж
Буруу ойлгосон болж худлаа инээхгүйн төлөө !

Товчоор хэлбэл хэн хүнгүй
Толгой бөгс хоёроо солихгүйн төлөө
Эхний бөгөөд эцсийн
Энэ хундагыг өргөе !


Р.Чойном :

Хайр чамаас асууя

Нүдэнд минь үл харагдаж
Гарт минь үл баригдавч
Нулимсыг минь дуслууж
Сэтгэлийг минь өвтгөх хайр чи ямар их хүчтэй юм бэ.

Ирэхдээ чи аз жаргал, баяр баяслыг дагуулж ирдэг ч
Явахдаа чи уйтгар, гуниг, нулимс, ганцаардал энэ бүхнийг орхиод оддог

Гэлээ ч . . .
Хүн бүр чамайг эзэмдэхийг хүсч
Хүн бүр чамайг мэдрэхийг хүснэм.

Чамайг мэдрэх сайхаан...
Өндөр уулсыг даваад гарах эрч хүчийг чамаас л мэдэрнэ
Аагим халуун элсэн цөлийг туулаад гарах сэтгэлийн тэнхээг чамаас л мэдэрнэ.

Тийм болохоор...
Хайр чамайг би дахин дахин мэдрэхийг хүснэм
Хайр чамаар би ханатлаа бялуурахыг хүснэм!

Цэцэг бэлэглэнэ гэж би найдаагүй

Цэцэг бэлэглэнэ гэж би найдаагүй
Цэнхэр цамц чинь санаанаас гараагүй
Цэвэрхэн царай, үүр шөнө шиг харц чинь
Тэр өдрүүдийн нар яаж жаргасныг
Тэр үдшүүдийн сар ямар өнгөтэй байсныг сануулдаг.

Жил саруудын уртаас би айгаагүй
Жиргэх шувуудын дуу гэгэлгэн байсныг мартаагүй
Жирийн бус үнсэлт, учрал, хагацал
Жирийн л нэгнийх байсан гэдэгт
Одоо болтол итгэхийг хүсдэггүй
Цэнгэл амласан уруул чинь
Цэрвэж хэлсэн үгэнд минь төөрөлдөхөд
Ханын цагны яаруу дуутай уралдан
Хаалга хаагдахтай хамт энэ бүхнийг
Мартана гэж өөртөө амласан.
Цэцэг бэлэглэнэ гэж би найдаагүй
Цэнхэр цамц чинь санаанаас гараагүй.

Tuesday, November 20, 2007

Нэг л өдөр

Нэг л өдөр би чинийх гээд
Хүрээд ирэхийг чинь үгүйсгэхгүй
Нэг л өдөр уучлаарай гээд
Холдоод явахыг чинь үгүйсгэхгүй
Нэг л өдөр хүлээнэ гээд
Амлалт өгөхийг чинь үгүйсгэхгүй
Нэг л өдөр чадахгүй нь гээд
Амлалтнаасаа няцахыг чинь үгүйсгэхгүй
Нэг л өдөр хайртай гээд
Надад хэлэхийг чинь үгүйсгэхгүй

Нэг л өдөр хайр биш байж гээд
Хэнэггүй хэлэхийг чинь ч үгүйсгэхгүй
Нэг л өдөр намайг үнсээд
Үргэлж хамт байхыг чинь үгүйсгэхгүй
Нэг л өдөр тэр үнсэлт чинь
Өөр хүний уруулд очихыг үгүйсгэхгүй
Нэг л өдөр би өөрчлөгдсөн гээд
Хүйтэн хандахыг чинь үгүйсгэхгүй
Нэг л өдөр намайг март гээд
Хөөрхөн бүсгүйг дагахыг чинь үгүйсгэхгүй
Нэг л өдөр санасан гээд
Эрхэлж тунирхахыг чинь үгүйсгэхгүй
Нэг л өдөр баяртай ч гэлгүй
Ор сураггүй алга болохыг чинь бүр ч үгүйсгэхгүй
Нэг л өдөр, нэг л өдөр …

Намайг хайрлаач

Намайг хайрлаач гэж чамаас би сөгдөн гуйхгүй ч
Нууцхан хүсэл тээсэн харцыг минь чи нэг л анзаараач
Нулимс урсган уйлж чамайг би хэзээ ч зовоохгүй ч
Нүдэнд хурсан гунигийг минь үргээж чи нэг л хараач

Бусдаас намайг харамлаж хэзээ ч тунихгүйг чинь бодохоор
Бүлээн нулимс дуслуулан сэтгэлдээ чимээгүйхэн уйлдаг ч
Бүхнийг умартан чимдаа л би эрхлэн жаргахсан гэхдээ
Болохгүй бүхнийг болгож зүүдэндээ л би жаргадаг

Би дурласан

Дурласан гэдгээ саранд хүртэл би хэлсэн
Дулаахан шєнєєр чамайг тэр чимээгүйхэн ширтэнэ
Хайртай гэдгээ одонд хүртэл би шивнэсэн
Хааяа тэр санаа алдахыг би харсан
Оддын хорвоо үдэш бүр залуусыг бүүвэйлэх хэрнээ
Одоо л надад дурлахын заяа хайрласан юм шүү
Хуурч болохгүй шүү хайрт минь, хувирвал хэлээрэй
Хайраа ариунаар нь буцааж тэнгэрт нь єгье

Monday, November 19, 2007

Тэнгэр шиг бай!

Хамаг бүгдээр чамайг харааж нулимж байвч
Тэнгэр шиг бай
Хамгийн сайн хүмүүн гэж
хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай
Тэнэгүүд бүгдээр чамайг сургавч
Тэнгэр шиг бай, дуугүй дүнсийх...
Тэврээд бүгдээр үнсэвч
Тэнгэр шиг бай, аниргүй мэлтийх...
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчихаагүй цагт бүү зов
Гүтгэж доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт бүү ай
Өвчин зовлонд нэрвэгдэж тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март
Тэнгэр шиг бай
О.Дашбалбар

Анд

Санаа нийлэх нэгнээ олны дундаас олж
Сайн мууг нь таниад анд найз бололцож
Сартай нартай хорвоод бодлоо хуваалцан нөхөрлөн
Салахгүй шахам ханьсаад биесээ түшин явдаг
Анд найз гэдэг ховор олдох эрдэнэ
Авааль эхнэрээс дутуугүй надад эрхэм байдаг
Найз нөхдөөр минь хэн нэгэн намайг дүгнээд гарна
Насны зөрүү хамаагүй сайн л найз байвал.
Хүний мөс муудсан өнөө цаг үед
Хүйтэн жиндүү дотортон одноос олон болсон ч

Нийгмээ дагаад гадаад төрх нь танигдахын аргагүй өөрчлөгдсөн ч
Нэрийн хуудас болсон эрийн жудгаа гээгээгүй
Арван хуруунд багтах хэдэн сайн найз
Аргагүй л шүүрэн дээр тунаж миний сэтгэлд үлджээ
Бор дарсанд дурлаж шилэн бүрээ үлдээг нь ч бий
Боргог мөчид амьдралтай учраа олоогүй нэгэн ч бий
Албан тушаал дэвшээд гялалзаж яваа энд ч бий
Амьдралын их далайд хөлөө бат олсон нь ч бий
Бүгд л миний хэдэн жинхэнэ анд нар болохоор
Бөөр алаг үзэж тэднийгээ би дугаарладаггүй
Хүрч чадахгүй мэт оргилд мацаад хэн нэгэн нь гарсан ч
Хүний мөсөө гээхгүй гэдэгт итгэж байдаг юм би
Ажил ихтэй оройтох нь гэж утсаар хэл дуулгаж
Авааль эхнэрүүдээ молигодож хэдүүлээ цуглаж аваад
Эр улс л юм болохоор дундаа бор дарс тавиад
Инээж наргиж дуулж, биесээ чангахан явуулж
Бүсгүй хүний тухай ам уралдан цуурцгааж
Бүрэг хүн сонсвол улайж шатмаар юм болно
Эхнэртээ хэлдэггүй үгээ анддаа хэлдэг юм эр хүн
Эргэцүүлж бодлоо хуваалцан, найздаа сэтгэлээ задалдаг юм
Жаргалыг нь хамт амтлаж, зовлонг нь хамт амсдаг юм
Жадны хурц үзүүрт жинхэнэ найз байдаг юм.
Туг бариад давхивал би найз нараа татна
Тугал хариулаад гэлдэрвэл анд нар минь намайг татна
Дээс эрчиндээ чангарч урагш хол явдаг шиг
Дэм дэмэндээ энд нартайгаа дээшээ хэд алхаж л байна
10 саятай явбал нэг хэсэгтээ түрийвч зузаан
10 найзтай явбал нэг насандаа итгэл зузаан
Амьдрал гэдэг их далай цацаа цалгиа ихтэй шүү
Андаа зөв олоод завиа хамт сэлүүрдэцгээ

Итгэл

Єєртєє би итгэж явдаг
Єнєєдрийн хувь заяандаа баярлаж явдаг
Сайхан бvхнийг дотроо мєрєєдєж явдаг
Салж нийлэх учралыг тээж явдаг
Амраг шvлгэндээ би vргэлж єртэй явдаг
Ариун хайрыг сэмхэн харуулдаж явдаг
Анд нєхєддєє би итгэж явдаг
Аз жаргалаар ирээдvйн замаа тєсєєлж явдаг
Алдаа онооны дээсэн дээр аз сорихыг хvсдэггvй ч
Амьсгал тасравч харамсахгvй амьдрахыг би хvсдэг
Ахиад энэ орон зайдаа амьдрахсан гэдэгтээ итгэдэггvй ч
Алхам бvрийн мєр ирээдvйг минь тэгшилдэгт итгэдэг
Хааяа хааяахан гуниж сэтгэлдээ нууцхан ганцаарддагч
Хяслант хорвоод єєрийгєє базаахгvй гэж голдогч
Хайртай бvхнийхээ тєлєє зvрх минь цохилж байдаг
Хан хорвоод би тэгээд бардам бас итгэлтэй алхалдаг

Дурсамж

Цантсан сормуустай нvдээр чамайг ширтэх итгэл минь сайхан
Цаг оройтсон ч болзоондоо ирэх сэтгэл чинь сайхан
Цагаан гуниг сvлж тунирхах хайр чинь сайхан
Цаг хугацааны дэнс бидэн хоёрыг савлуурдавч тэнцvvлэх нь сайхан
Хацар улайлган гэрэвшээд дєхєх чинь дурлалдаа шатаад дулаахан
Хvрмээ тайлаад чамд нємрvvлэхэд эр сэтгэл минь дулаахан
Хоёр алга биесээ тэмтрээд цочих нь ичингvйрээд дулаахан
Хайртай гэж шивнэхэд уур савсаад орчлон дэндvv дулаахан
Бvтэн єдєр биесээ бодон гэгэлзсэн учрал хvсэлдээ шатаад гэгээтэй
Бvртийх сарны бvдэг туяанд намайг шагнах инээмсэглэл чинь гэгээтэй
Бидний хєтєлєлцєєд анирлан алхадаг цасан зам шvлэг шивнээд гэгээтэй
Бvлээхэн энгэртээ нємєрлєсєн бvдvvн хуш мод минь дурсамжтай минь гэгээтэй
Сайхан дурсамж минь сайхан
Санаа алдах минь ч сайхан байсан
Сайрхах дурсамж минь дотнохон
Санахын аянганд ниргvvлсэн хуш мод минь хэвээрээ...
Цантсан сормуустай нvдээр чамайг ширтэх сайхансан
Цаг оройтсон ч болзоондоо ирэх чинь сайхансан

Би...

...Алдаанд дургvй ч засах аргаа олдог
Атаанд дургvй ч зайлах аргаа мэддэг
Айдсаасаа айдагч аргалах нvхээ хайдаг
Амьдралд хайртай ч буцах цагаа мэдэрдэг
Vнэн худал хоёрыг адилхан vнэлж
Vнэмшиж итгэж чадвал зоосны хоёр тал гэж
Єєрийгєє тайвшруулж цоглог амьсгалдаг
Vлгэрт итгэдэг нулимстай нvдээ би
Зудтай хvйтэн сэтгэлд жиндэж царцдаг
Гантай халуун зvрхэнд хайлж урсдаг
Мэдэхгvй жилийн байхгvйн ордонд тєрсєн
Мэргэдийн сvнсний сvvдэр тєдий билээ би

Гарья гадаа

Үе үехэн санаа алдуулж
Өвөр ард минь ээрэх гунигийг
Өөр хаана ч биш
Дэрэн доороо чулуудчихаад
Үсээ задгайлж өөрийгөө гоёоод
Үй олны дунд замхрая
Өнгө нь болж хаа нэгтээ уусья
Гарья даа
Ганц хором нь ч үнэтэй амьдралд
Гансарч суухын учир юусан
Гал халуун залуу насыг
Ганцаардуулж хөлхүүлэхийн учир ч юусан
Гуниж өнгөрүүлсэн мөч бүр
Гудманд хаясан эрдэнийн адилаа
Гундааж болохгүй залуу нас минь
Гуйгаад ч мөнхрөхгүй ертөнцийн хүрдээ
Амжиж хайрлая наран жаргахаас өмнө
Амжиж дурлая зүрх минь зогсохоос өмнө
Амжиж бүжье хөгжим өндөрлөхөөс өмнө
Амжиж амтлая амьдрал алдрахаас өмнө
Гарья гадаа
Ганц л хүртэх амьдралыг жаргалаар цэнэглэе

Хувь тавилан

Ядуу хоосон гэж хувь тавилангаа битгий худалдаарай
Яаж ч эргэж мэдэх тул хэнийхээр ч битгий солиорой
Чин сүсэгт итгэж бурханд битгий даатгаарай
Чи л өөрөө эзэн нь учир хувь тавиландаа үнэнч байгаарай

Чамд би...

Тэртээх хаврын өдрүүдийнх шиг хөтлөлцөөд нэг алхалмаар
Тийм яруухан мөч хүлгийн төвөргөөн шиг нижигнэн
Уйтай сэтгэлийн минь аниргуйг сэрээнэ
Уулга алдан айсуй
Үгүй дээ хайрт минь би мартаж чаддаггүй
Үнэндээ чи ч бас мартагдахыг хүсдэггүй
Харцны чинь гэгээнд шүлэг тэрлэж явахад
Хаврын шувуудын дуун эцээд болдоггүй
Заяа заяагаа дагсан тавилан гэж байхаас
Зайгүй дотнохон сэтгэлд хагацал гэж байдаггүй
Мянган хунгийн жигүүрийн салхинд сэмрэх
Мяндсан үүл шиг хэврэгхэн сэтгэл надад байдаггүй
Орь залуу нас хийгээд гуниг уйтгарын тухай
Одоо би шүлэглэхээн больсоон
Өтгөн мөчирт зугаацаж ханаад гургалдай нисч одох мэт
Өнгөрч холдсон дурсамжаасаа аажуухан залхах болсон
Чиний тухай мөрөөдөж ханасаан амраг минь
Цээжин дэхь нууцаа задлахыг чинь харин хүлээхгүй
Аянч хун нуурын толионд буух шиг л
Алжаалж хүлээсэн цаг мөчүүд миний мэдэлд ирлээ
Мянган жил өнгөрөвч шинэхэн байх үгийг
Магад одоо л хэлье чамд би хайртай

Б. Ичинхорлоо

Чамд би дурлачихсан

Нэг л мэдэхэд чамд би дурлачихсан
Нисэн ирэх цагаахан өдрүүдэд дасчихсан
Тэр л өдрүүдэд чи надтай цуг байж.
Тэврэлдсэн, инээлдсэн бас дурласан
Хайр гэж ямар ялдамхан төсөөлөл байдгийг
Хамгийн анх мэдрэхдээ ч ийм байгаагүй ээ
Халуун сэтгэл, дулаан харцны илчинд
Хайлна гэдгээ мэдсэнгүй явлаа.
Дулаахан үдшийн болзоонд энгэр задгайлж
Дурдатгал, дурсамж хоёроо сэдрээж Бас мартуулж
Дуугүйхэн өнгөрөх насны гэнэн дурлалаас үлдсэн
Дуусашгүй мөрөөдөлийг дахин эхлүүлсэн хайр минь ээ
Одоо надад чамаас өөр юу ч бодогдохгүй байна.
Оддын гялбаа үүлс сэмлэх шөнийн цагаар
Орчлонгийн жам дурлалын гэгээн харгуйгаар
Оргилох хүсэлдээ хөтлөгдөн алхалнам би

Дурла залуу минь надад дурла


Залуу минь чи надад дурла
Зүрх сэтгэлээ бүү харамла
Хайртай гэдгээ битгий нуу
Халуухан зүрхээ надад тушаа
Зөвхөн надад л үхтлээ дурла
Зүггүй зүрхээ бүү амраа
Хагацахгүй гэж амлах хэрэггүй
Халуухан энгэртээ л чанга тэвэр
Хонгор минь чи надад дурла
Хорин хэдхэн насыг минь
Холдож одохоос нь өмнө дурла
Уруулын минь өнгөнд унаж дурла
Ухааны минь уудамд аялаж дурла
Бэлхүүсний минь нарийханд биширч дурла
Биений минь уянд хайлж дурла
Нүдний минь харцанд ээрэгдэн дурла
Нүцгэн биеэнд минь умбаж дурла
Дурла залуу минь надад дурла
Дурлал хайранд чинь үйж үхье би!!!

Тодруулга

Зөндөө шүлэг байна. Блог дээрээ тавих гэсэн чинь дандаа хайрын тухай тэгээд бүүр
бүтэлгүй хайрын тухай шүлгүүд байна. Тодруулга хийх гэсэн юм. Энэ шүлгүүдыг би бичээгүй бас би ингэтлээ дурлаагүй шаналаагүй байгаа шүү.

БИ САЙХАН БVСГVЙ

БИ САЙХАН БVСГVЙ

Орчлонгийн сvvдрийг наранд ойртуулах гэж
Охин дуугаа тэнгэрт хадааж тєрсєн - би бvсгvй хvн
Ижийнхээ сайхныг хугаслан авч энэ хорвоод мэндэлсэн болохоор
Эгэл тєрхєндєє єєрийн орон зайтай - би сайхан бvсгvй
Зуны цэцэг шиг єнгє тєгс тєрєєгvй ч
Зорсон хєшєє шиг бие хэдий тэгшгvй ч
Зургийн хуар шиг хээ тансаг чимэггvй
Залуу насаараа л гоёсон - би сайхан бvсгvй
Чиний харцыг єєр лvvгээ удтал чилээлгэж чадах
Чимэг ч vгvй даруухан - би сайхан бvсгvй
Чимээгvйхнээр хайрыг чинь зvрхэндээ гэмгvй урьчихаад
Чилийтэл хvлээлгэж мэдэх - би сайхан бvсгvй
Жавар хургасан сэтгэлд чинь хайрын галаа цогшоож
Жаргалд хамтдаа дулаацах - би сайхан бvсгvй
Цаг цагийн тоосонд vл гундан чамаараа л гоёх
Цахилах гєрєєс шиг эрдvvхэн - би сайхан бvсгvй
Vйл заяаны учганд би чамайг сонгосон хэдий ч
Vнэндээ чиний сэтгэл намайг vгvйлсэн - би сайхан бvсгvй
Vхэхдээ хvртэл чинийхээ хайранд єлгийдvvлчихээд
єєр ертєнцєд бардамхан алхлах - би сайхан бvсгvй



Энэ өдрийн мэнд

Блогт минь цаг зав гаргаж зочлон байгаа таньд баярлалаа. 
Блог нээгээд удсан боловч санаагаа олохгүй удсан юмаа.
 Миний блогт сэдэв бол янз бүр л байх байх тэгэхдээ ихэнх хувийг шүлэг  эзлэх болно. Би шүлэг бичиж чадахгүй ээ тэгэхдээ 
шүлэг унших дуртай. 
Бас шүлэг их цуглуулдаг. Миний блогтоо тавих шүлгүүдийн
зохиогчиийг нь мэдэхгүй шүлэг зөндөө байгаа.
Зөвшөөрөлгүй авч тависан бол уучилаарай.
Уншаад таалагдсан болоод би тэмдэглэж авсан юм шүү.