Friday, March 21, 2008

СЭТГЭЛИЙН ГАР

Өнөөдөр завтай ч юм шиг завгүй ч юм шиг өдөр байлаа Энэ долоо хоногийн . ажлын сүүлийн өдөр сайхан байна шүү. Энэ долоо хоног жирийн долоо хоног байсангүй. Баяр бас уулзалт их байлаа. Уулзалгүй удсан найз, танилуудтайгаа уулзлаа. Хавар болоод гадаа дулаараад сэтгэл тэнэгэр сайхан байнаа. “ Сэтгэлийн гар” энэ шүлэг их ухаарал хайрласан санагдлаа.

Хүн ганцаараа бол хэн ч биш шүү дээ. Санаа сайн бол заяа сайн гэж миний дуртай зүйр үг. Аав минь дандаа бидэнд ингэж хэлдэг байсан юм. Сайн санасан бүхэн бүтэж, саар санаа гаргавал амжилтгүй гэж. Бие биедээ урам хайрлан, дэмжиж цугтаа хөгжижгөөе.

СЭТГЭЛИЙН ГАР

Анх хөлд ороход минь гараараа дэмжсэн
Аав ээжийнхээ сайхан хайрыг нэг санаарай!
Амьдралд эхэлж хөл тавихдаа
Атгаан зангидаж битгий алхаарай!

Хөрж бээрсэн анд найзынхаа
Хөхөрсөн гарыг нь нэг атгаарай!
Нөхөрлөл итгэл дээр тогтдогыг
Найз чинь тэгэхэд итгэнээ.

Ядарч тэнхэл алдарсан нэгнийхээ
Ядруухан мөрөн дээр нь нэг алгадаарай!
Урагшгүй болсон бүхэн нь
Урамаар ахидагыг ойлгож ухаарнаа.

Хайрт ханийнхаа дулаахан гарыг нь
Халуун цээжиндээ нэг тавиарай!
Хал үзээгүй сэтгэл нь уярахыг
Хат суусан зүрх чинь мэдэрнээ.

Алаг үрийнхээ баяр баясгаланг
Атган барьж өндөрт өргөөрэй!
Алсдаа үр чинь сайн хүн болж
Ачыг тань хариулахыг харнаа.

Хөгшин бууралуудынхаа сэтгэлийг
Хоёр гараараа тулж түшээрэй!
Хүүхэд шиг болсон тэдний хайр
Ухааралд чинь дусал нэмэрлэхийг мэднээ.

Ер нь тэгээд зүдэрсэн бүхний
Эвэршсэн гарыг нь нэг бариарай!
Эв нэгдэлийн сэтгэл зүрх
Энэ хоёр гарт чинь буйг үзнээ.

Амьдралд таарах нугачаа болгоноо
Алгаараа та,эвлүүлж илбээрэй!
Аз жаргалд хүргэх түлхүүр
Арван хуруунд чинь бий шүү!


No comments: