Wednesday, April 23, 2008

Хайхрамжгүй алхалсан он жилүүд минь

Энэ шүлгийг урьд нь уншиж байхдаа ойлгохгүй байсан юм тэгэхдээ Хайхрамжгүй алхалсан он жилүүд минь гэсэн нэр нь их дотно санагдаад бичиж авч байсан юм байна. Сая уншсан чинь нэг л өөр өнцөгөөс харагдаад урьд нь уншиж байсанаас. Мөр бүрийг хичээнгүйлэн уншвал их гоё шүлэг байна.


Хайхрамжгүй алхалсан он жилүүд минь

Түргэний тэрэг шиг хажуугаар давхиад өнгөрсөн
Тэр нэгэн хаврын анхны бороо
Дөрөвдүгээр сард чимээгүйхэн орсон
Тэмтрэгдэх хувьгүй зүрх
Гуниглах завгүй догдлоод л
Тэсгим өвлийн жавар шиг ганцаардал
Цээжнээс минь нисэн одоод л
Задгай мөнгө цардмал зам дээр унах шиг
Цээжинд жингэнэх чимээ гарч
Чамд л гэж зүрхний минь хэмнэл анх удаа хөглөгдсөн
Хайраар хөглөгдсөн зүрхнийхээ догдлолыг мэдэхгүй
Хайхрамжгүй алхалсан он жилүүд минь
Он жил гэдэг
Одоо бодоход зовхины минь үрчлээс шиг тодхон зурайх мөртөө
Халамцуухан хөлсний тэргэнд
Орхичихсон өрөөсөн бээлий шиг бүүр түүрхэн санагдана…
Хэлж амжаагүй торж хоцорсон үгсийг цаг хугацаа билүүдээд
Хэнхдэг цээжнээ хөнгөн харуусал тэртээх дөрөвдүгээр сар шиг бороошино
Цөхрөл зүхэл гэж үгүй зүрхэс
Янагийн мэгшилт мэт бороонд нялхамсаад л…
Дэргэдүүр ус цацан давхих он цагийн араас
Нойтон магнайгаа илбэн,
Саравчлах мэт хараад
Хайхрамжгүй алхалсан он жилүүд минь
Дөрөвдүгээр сарын чимээгүйхэн бороонд
Тэмтрэгдэх хувьгүй зүрх догдлоод л
Задгай мөнгө цардмал зам дээр унах шиг
Цээжинд жингэнэх чимээ гарч
Чамд л гэж зүрхний минь хэмнэл анх удаа хөглөгдсөн
Хайраар хөглөгдсөн зүрхнийхээ догдлолыг мэдэхгүй
Хайхрамжгүй алхалсан он жилүүд минь

Г.Сүхзориг

1 comment:

Bayana said...

үнэхээр л хайхрахгүй юм даа. ирж л байдаг явж л байдаг цаг хугацааг яалтай билээ дээ. Үнэхээр саак