Жаргасаан, ээж нь жаргасан
Адраа саад ихтэй, ертөнц гэдэг бэрх ч Амьдрал чиний өмнө толгой гудайх хэнсэн билээ
Wednesday, January 16, 2013
Жаргасаан, ээж нь жаргасан
Жаргасаан, ээж нь жаргасан
Sunday, December 16, 2012
Хошуучлалын дөрвөн зарчмыг амьдралдaa хэрэгжүүлээрэй
2. Бусадтай харьцахдаа “хүн байх” гэсэн зарчмыг хэрэгжүүл. “Үүнийг авч үзэх хүнлэг хэлбэр нь ямар байж болох вэ?” гэж өөрөөсөө асуу. Үйл хөдлөлөөрөө эхлээд хүмүүсийг боддогоо харуул. Бусад хүмүүст эелдэг байдлаар ханд. Та үр дүнд хүрэх болно.
3. Урагш ахих тухай бод, хөгжил дэвшилд итгэ, урагш тэмүүл. Хийдэг бүх зүйлээ улам боловсронгуй болго. Хийдэг бүх зүйлдээ өндөр шаардлага тавь. Хэсэг хугацааны дараа ажиллагсад даргынхаа хуулбар нь болдог. Эх хувь нь хувилахад тохиромжтой эсэхэд итгэлтэй бай. Үүнийг хэрэгжүүл: “Гэртээ, ажил дээрээ, нийгмийн орчинд хөгжил дэвшлийг агуулсан бүх үйл ажиллагааг би дэмжинэ.”
4. Өөртэйгээ зөвлөх, дотроо байгаа бодлын агуу их хүч чадлаа ашиглах цаг завыг өөртөө гарга. Зохион байгууллалттай тогтмол ганцаардал үр ашгаа өгөх болно. Үүнийг бүтээлч хүчээ сэргээхэд ашигла. Хувийн, ажилтай хоолбоотой асуултууддаа хариу олоход үүнийг хэрэглэ. Өдөр бүр тодорхой хэмжээний хугацааг бодож сэтгэхийн тулд ганцаар өнгөрөө. Бүх агуу их удирдагчдын хэрэглэдэг бодож сэтгэх аргуудыг ашигла, Өөртэйгээ зөвлө.
Явцуу хүмүүс таныг явцуу сэтгэхийг албадах үед өргөн цар хүрээтэй сэтгэ. Таныг ялагдаасай , азгүй тохиолдолтой учраасай, загнуулаасай гэх хүмүүс гарна гэдэгт итгэлтэй бай. Зөвхөн дараах дөрвөн зүйлийг л мартахгүй бол энэ хүмүүс танд хор хүргэж чадахгүй.
1. Явцуу хүмүүстэй хэрүүл хийхээс зайлсхийвэл та хожих болно. Өчүүхэн хүмүүстэй хийх хэрүүл таныг ч гэсэн өчүүхэн болгож явцууруулдаг. Том хэвээрээ байгаарай.
2. Дайралтанд өртөнө гэдгээ мэддэг бай. Энэ бол та урагш ахиж байгаагийн нэг илрэл юм.
3. Тань руу довтлогсод сэтгэл зүйн хувьд өвчтэй гэдгийг нь бүү март. Өргөн цар хүрээтэй сэтгэ. Тэднийг өрөвд. Ялихгүй, өчүүхэн хүмүүсийн довтолгооны эсрэг дархлалтай болох хүртлээ өргөн цар хүрээтэйгээр бодож сэтгэ!
4. “Хэрэгтэй зүйлүүд надад байхгүй” гэж санагдсан тэр үед өргөн цар хүрээтэй сэтгэхээ бүү март. Хэрэв та өөрийгөө хүч чадалгүй гэж бодвол хүч чадалгүй л гэсэн үг. Чадваргүй гэж бодвол та чадваргүй л гэсэн үг. Та өөрийгөө хүнд хэрэггүй гэж бодвол та тийм л гэсэн үг.
Энэ хэрэгслүүдийг ашиглан өөрийгөө үнэлж сур:
1. Эрхэмсэг оршихуйгаар аж төр. Энэ нь тийм байдлаар бодож сэтгэхэд тань тус болно. Гадаад төрх байдал тань таны дотроо юу боддогоос тань шууд хамаардаг.
2. Эсрэг талууддаа анхаарлаа хандуул. Өөрийгөө өөртөө танилцуул сайн талуудаа мэддэг бай.
3. Бусад хүмүүсийг зөв өнцгөөс хар. Бусад хүмүүс ч гэсэн ялгаагүй л хүн шүү дээ. Яагаад та тэднээс айх ёстой юм бэ? Хэр зэрэг сайн болохоо боддог байхуйц өргөн цар хүрээтэйгээр бодож сэтгэ.
Эргэн ирлээ
Thursday, February 19, 2009
БИ ЧАМД ХАЙРТАЙ (хайртдаа)
Эрхлүүлэх бүрт чинь хайранд чинь нялхран би чамд хайртай гэж хэлье
Зул шиг шатах амьдарлынхаа гол шиг дүрэлзэх энэ л насандаа чамайгаан хайрлаад
Зуны шөнө мичидийн дохионд үлгэрийн юм шиг мөрөөдлөө хуваалцая
Үүрээр чинийхээн өвөрт би нойрноос сэрэе
Өвсөнд тогтсон шүүдрийг аргадан өрхөөн татая
Цочсон согоонх шиг эрэвгэр нүднээсээ гунигаан хөөчихөөд
Чинийхээн энгэрт сувдан зүүлт шиг эрхлэн зүүгдэе
Үргэсэн зээрийнх шиг тогтворгүй амьдралдаа би цэг тавилаа
Үүлэн чөлөөний нар шиг зовлонгоо мөрнөөсөө унагалаа
Солирийн бороо шиг шатсан хайрандаа өөрийгөө даатгаад
Солиорсон юм шиг сүрчиг үнэртүүлэн чамайг зорилоо
Гал шиг асах хайрын минь дөл нь юм уу учрал минь чи
Галзуурсан юм шиг дурлалын минь жаргал нь юм уу уярал минь чи
Эрх дураар зангийн минь цулбуур нь юм уу эрдүүхэн минь чи
Эжий хэмээгдэх заяаны минь эзэн нь юм уу эрдэнэ минь чи
Үдшийн гялбааг чиний л хамт би хайраараа хучие
Үргэчихэж магадгүй жаргал минь чамайг би залуу насаараа аргамжая
Сар газарт буусан сүү шиг шөнийг чиний л төлөө манаж
Сайхан чамайгаан зүүдлээд сэрэхэд БИ ЧАМД ХАЙРТАЙ
гэж тайвшруулья
Monday, January 12, 2009
О.Дашбалбар : Би эгэл хүн
Биеэрээ ч, сэтгэлээрээ ч эгэл хүн!
Уйлахад нулимс арчдаг гараас минь үнэтэй алчуур үгүй,
Уухад үргэлж зэмлэдэг нөхдөөс минь илүү ухаантан үгүй,
Унтахад толгой илбэдэг ээжээс минь илүү ачтан үгүй,
Би-эгэл хүн!
Олон намрын бороонд шавшуулж явахдаа
Орчлон дэлхийн аугаа сайханд дурласан,
Оройтсон сартай цуг хээр хоноглохдоо
Онгон тал дээр хот босохыг зүүдэлсэн.
Би-эгэл хүн!
Аян замд явах сайхан ч, эргэж, ирэх бүр сайхан,
Амраг бүсгүйдээ магтуулах сайхан ч, зэмлүүлэх бүр сайхан.
Аливаад хянуур болгоомжтой улс намайг хурц зантай гэлцдэг ч
Алганы хонхорт үл тогтох бөөрөнхий байхыг хүсээгүй!
Би-эгэл хүн!
Халамцуу ирчихээд агсан тавьж нехдедее тунирхаагүй
Хавийн улсыг түйвээж, охидыг айлгаагүй,
Хааяа хэтрүүлсэн бол өөрөө л шаналж
Хашгичиж зовоодоггүй гэргийдээ баярласан!
Би-эгэл хүн!
Харыг хар, цагааныг цагаанаар нь хэлж
Хан хорвоод нөхөр, дайсан байдгийг ялгана,
Нөхөдтэйгээ ууна ч, дуулна ч...
Нөмөр болсон гэртээ наргина ч, жаргана ч...
Би-эгэл хүн!
Амьдрал минь уртхан тууж шиг ч бай,
Аль эсхүл богинохон шүлэг шиг ч бай,
Уншиж дуусахад хувь заяа минь
Уйтгар төрүүлэхгүйг мэдэж байна.
Би-эгэл хүн!
Малчны цагаан гэрээс орчлонгийн зах руу гишгэсэн юм.
Монгол нутгийн нар эгэл цусанд минь халуун дөлтэйгээ бий!
Талх идэж, шүлгээ бичдэг би,
Тасарсан навчийг алган дээрээ энхрийлдэг би!
Амь нас, сүр сүлд минь энэ навчинд шингэсэн юм шиг
Амьсгал даран ширтдэг би!
Би-эгэл хүн!
Та нараас мөнгө зээлж, маргааш нь буцааж өгдөг,
Та нартай адил аливаад шаналж, өвөр хоосон, халаас дүүрэн явдаг.
Хуралд сууж, сонинд магтуулж, болчимгүй жаал шиг аашлан аавдаа загнуулж,
Хүүхэд шиг агшин зуур гомдоод, дорхноо мартдаг!...
Болох болохгүй хэрэгт өөрийгөө өмгөөлөн, хэцүү үг хэлчихээд,
Сүүлд нь амаа барьдаг!
Би-эгэл хүн!
Чанх дээрээс ивээдэг нарыг шүтэж
Чадал, ухаан хоёроороо амьдарч явна.
Олноос илүү ч үгүй дутуу ч үгүй
Орчлонгийн баяр жаргалыг эдэлж явна.
Унтаж байгаа хүүгээ энхрийлэн үнссээр сэрээчихээд
Уйлахад нь аргадах гэж хүзүүн дээрээ суулган шогшдог би,
Ход ход инээх дуу зүрхэнд минь баярын хонх дэлдэж
Хонгор сэтгэлт гэргий минь ''алдчихваа" гэж сануулдаг.
Яг энэ агшинд шүлэг бичих санаа тархинд од шиг харваж
Яруу найрагч болдог би!
Яаран үзгээ шүүрээд, ширээний ард суудаг.
Цагаан цаас тал шиг, би үр цацаж яваа тариачин шиг.
Цаглашгүй жаргал сэтгэлийн хөндийд найрал хөгжим эгшиглүүлэхэд
Би-яруу найрагч
Цасан будрахад сэтгэл хенгерч, енийг мөрееддөг би,
Цаг мөч, шувуудын далавч шиг дэрэвсээр тэнгэрийн гүнд уусахад
Шүлгээн би та нарын гар дээр бүлээн талх шиг тавьдаг,
Шүүдэр цуглуулж, цай чанаж өгснөөс дутуугүй баярладаг!
Сэтгэлд минь салхи шуурга хуйлран, хүйтэн салхитай едер шиг хямрахад
Сэтгэлд минь шар навчис хийсэн, нулимс минь бембөрөн байхад
Хүний месее би эцэг шигээ дээдэлж явсан,
Хүч хүрэхгүй бол сэтгэлдээ шаналж
Хүмүүс та нарт яаж шүү туслая даа гэхээс алаг зүрх минь тогтож ядсан!...
Хаа нэгтээ болж буй дайны цуурай дэлхийд тархахдаа
Хадаас адил зүрхэнд минь шигдэж зовоодог байсан.
Олон үгтэй гэж хэн нэг нь намайг зэмлэг,
Орчлон ертөнц шархтайгаа зүрхэнд минь багтдаг шүү!
Галт тэргэнд суугаад хол явахдаа би,
Гар даллан үлдсэн хүмүүсийг сэтгэлдээ тээж явдаг.
Газар дэлхий дээр азаар төрсөндее баярладаг
Газар минь надад дандаа хуримын ширээ шиг санагдаагүй ч
Галын дэргэд үлгэр сонсож суухдаа диваажингийн жаргалыг мэдэрдэг би!
Үдшийн гуниг, өглөөний баяраа хуваалцаж явсан болохоор
Үнэндээ хүмүүс минь та нарт л итгэж, та нарт л сөгднем...
Өнөөдөр та нарыгаа би өргөн хорвоотой цуг тэвэрье,
Өмнө чинь нарны гэрлээр шаглаж, тэнгэрийн цэнхрээр эмжсэн дууны баглаа тавья!
Эмэгтэйчүүлд нь цэцгийн дээжис солонгоор ороож баръя,
Эрчүүлтэй нь хундага тулгаж, оддын туяаг тэнгэрээр амтлан ууя!
Monday, December 15, 2008
Зүрх зүүн талд байдаг юм байна
Зүүрмэглэх шөнийн сэрүүн навчис надад хэллээ
Зүрх зүүн талд байдаг юм байна
Зөөлөн дэрэн дээр чимээгүй бөмбөрөх нулимс минь
хэллээ
Зүрх хүнд байдаг юм байна
Зөрүүд хатуу хорвоогийн хориод нас минь хэллээ
Зүрх надад байсан юм байна
Зүсэр бороон дундуур олдсон зөрөг зам хэллээ
Зүрх бас өвдөж шаналдаг юм байна
Зөөлөн эрдүү дууг чинь сонсоод эдгэрдэг юм байна
Зүрх надад байсан юм байна
Зөвхөн чи л надад байхгүй байсан юм байна
Wednesday, December 10, 2008
Зөвхөн чинийх байя
Алагхан зүрхний чинь гүний дурлалын соёо нь би байя
Хайрын болзоонд яаран яаран ирэхэд нь
Халуун үнсэлт тэврэлтээр угтах амраг чинь би байя
Санан санан үгүйлэх сэтгэлийг нь эзэмдсэн
Сайхан бүсгүй чиний хайр чинь би байя
Нууж догдолж хайрласаар хуримын бөгж зүүхэд нь
Насан үүрд ханилах хань чинь би байя
Хосоор амьдрах энэ орчлонд ханьсан амьдрах
Хос баганын чинь нэг нь би байя
Үрийн зулай үнэрлээд бүүвэйн дуу аялахад чинь
Үнэгчлэн нойрсох хүүгийн эцэг нь би байя
Өглөө бүр аагтай цайныхаа дээжийг барихад чинь
Өргөө гэрийн нь хойморт эзэн нь би байя
Өнгөт энэ хорвоогоос өөр би юу ч хүсэхгүй ээ
Өнөөдрөөс эхлээд би зөвхөн чинийх л байя
Tuesday, December 9, 2008
Үндсэрхэг бай бүсгүй минь
Ханиа л гэж ганцхан өмчилсөн гэргийгээ
Бурханаас хүртэл харамлана
Үндсэрхэг бай бүсгүй минь
Өөрийг чинь өмчилсөн эр нөхөртөө үндэсрэхэг ханд
Үнэндээ бүсгүй хүнд эр нөхөр чинь эх орон
Үйлийн чинь аясаар хатуурч зөөлөрч
Үнсэлтийн чинь цэнгээр гандаж мандана
Хазгай гишгэхэд чинь тэнгэр шиг хилгэнэж
Хайлган айланд чинь дуу шиг уярна
Харамлана харамлана чамайг л ганцхан харамлана
Ханиа л гэж ганцхан өмчилсөн гэргийгээ
Бурханаас хүртэл харамлана
Өнгө нь бараан хорвоод тавилангаа холбосон
Өөрийг чинь овоглох эх орондоо үнэн ч бай
Өдрийн цагаанд урьдаан барьж
Шөнийн бараанаас өмнүүр чинь халхлах
Өөрийнхөөн эх оронд үндсэрхэг бай бүсгүй минь ээ
Ц.Бямбажаргал "Чимээгүй оршино" яруу найргийн номноос
Сайн уу андууд минь
Одоо цаашид бичлэгээ идэвхтэй бичин үргэлжүүлнээ.
Friday, June 27, 2008
Амралт эхэллээ.
Wednesday, June 25, 2008
Monday, June 23, 2008
Амралтын аялал
Next stop Манзушир хийд. Анх жаахан байхдаа бараг 20 жилийн өмнө ээж, аавтайгаа очиж байсан юм. Түүнээс хойш очих юмсан гэж бодож байсан амжихгүй л яваад байсан юм. 20 жилийн өмнө очиж байсанаас нээх өөрчлөгдсөн санагдсангүй. Харин уулан дээр хадан дунд хавтгай хадан дээр 3 өөр газар өнгөтөөр зурсан 3 бурхан байсан тэр байхгүй болсон байна лээ. Сэргээж зураад хадгалж үлдэж болоогүй л юм бх даа. Сүрлэг сайхан зураг байсан юмсан. Байгаль, уул, ус нь их сайхан газар. Сэтгэл сэргээж, нүд баясгаж, ядаргаа тайлмаар. Харамсалтай нь нөгөө мартамхай хүн чинь аппаратаа мартаад тэгээд зураг авахгүй хоцрох харамсалтай санагдаад гар утсаараа зураг авсан нээх гоё гараагүй бх. Тэгэхдээ дараагийн бичлэгтээ авсан зургаа тавинаа.
За аялал ч яахав үнэхээр сайхан байсан. Энд нэг юм хэлэх гэсэн. Анх Манзушир луу ороход нэг хүнээс 800 төг, машинаас 2000 төг авах юм. БОЯ-с авдаг юм байна. Онцгой хамгаалалтай бүс гэсэн утгаар авдаг гэсэн. өгч байгаа тасалбар нь тоглолтын билет шиг гялтганасан юм бна лээ. Тэр орсон хаалганаас цааш 2-3 км яваад Манзуширт очно. Шороон замтай. Зам дагуу бас тэнд хог их харагдсан. Урсаж байгаа горхинд хог урсаад, тээглээд муухай харагдах юм.
Биднээс авч байгаа мөнгөөрөө хогоо цэвэрлүүлж болдоггүй юм байхдаа гэж бодож байлаа. Тэгээд замд тохиолдсон явдлыг хэлмээр санагдаад. Манзушираас гараад явж байтал нэг настай эмэгтэй 2 том шуудай дүүрэн юм үүрчихсэн явна. Машинаа зогсоогоод хаана хүрэх юм гэсэн Төв аймаг орно гэнээ. Тэгэхээр нь суучих хүргээд өгье гэсэн чинь тэр 2 том шуудайнаас гадна замын хажууд дахиад нэг том шуудай бас нэг үүргэвч дүүрэн юм байсан. Та бүгдийг нь авч яваа юм уу гэсэн тийм хоёр хоёроор нь үүрээд зөөж яваа гэнэ. Тэр 3 шуудай багажанд багтахгүй баглаж явсан. Тэр шуудайд дандаа архи, пиво шил, лааз, ундааны савнууд байсан. Төв аймаг орж тушааж хоол ундаа авна гэж ярьсан. Тэр шуудайтайгаа нь тушаахад 1000-1500 төг болно гэнэ. Манзушираас төв аймаг хүртэл 8 км. 8 км тийм их юм үүрээд 1000-1500 төгрөгтэй болоод буцаад л алхана. Хэцүү байгаа биз. Би яг ямар санаа хэлэх гээд бна гэхээр БОЯ-аа хашаанынхаа үүдэнд зогсоож авсан мөнгөөрөө тусгай хамгаалалтын бүсэд байгаа хогоо түүлгээд худалдаад аваачээ. Нэг шуудай хогоо 500 төгрөгөөр ч юмуу худалдаад авбал хогийг чинь цэвэрлээд байгалийг нь хамгаалаад өгөх хүмүүс байна шүү дээ.
Хүмүүс минь ээ хогоо байгаль дэлхийдээ хаялгүй хогийн саванд хийж бай л даа.
Friday, June 20, 2008
Бороотой өдөр
Гадаа бүрхэг бороотой, гунигтай байна. Тэгэхдээ бороо ороод гоё байна. Бороо зөөлөн, зөөлөн шиврээд. Өглөө бороо орж байгааг мэдээд ажилдаа яаж явна даа л гэж бодож байлаа учир нь шүхрээ дээр нэг өдөр бороо орход ажил дээрээ авчраад орхиод явсан тэгээд л шүхэр байхгүй гараад такси барна гээд гарсан чинь, зөөлөн бороо шиврээд хувцас норохгүй бас их намуухан дулаахан байсан болохоор алхаад л алхаад автобусанд суугаад ирлээ. Алхаж явахдаа МР-гээ чанга дээр нь тавиад хайрын тухай дуу сонсоод инээмсэглээд л сэтгэл нэг л тайван. Өнөөдөр сайхан өдөр байна сайхан явдал тохиолдох ч юм шиг. Нээрээн өчигдөр өглөө бас сайхан эхэлсэн. Өглөө гэрээсээ гараад буудал руу алхаж явсан чинь зам тосоод 3 хүүхэд сонгуулийн сурталчилгаа тарааж байсан. Сүүлийн үед их олон найзтай болоод байгаа гэрээр дүүрэн миний найзлаад байгаа хүмүүсийн сурталчилгаа. Би бүгдийг нь уншиж байгаа. Сонголтоо зөв, хариуцлагатай хийнэ гэж бодоод л. Иргэн миний үүрэг биз дээ. Хэ хэ. Нөгөө сурталчилгаа тарааж байсан 3 хүүхдийн тухай хэлэх гэж байсан шдээ. Над руу дөхөж ирээд их хөөрхөн инээмсэглээд ӨГЛӨӨНИЙ МЭНД, САЙХАН АМАРСАН УУ ЭГЧЭЭ? ТА ЭНЭ НЭР ДЭВШИГЧИЙН ТУХАЙ УНШААРАЙ. ЭНЭ ӨДРИЙН ЧИНЬ АЖИЛД АМЖИЛТ ХҮСЬЕ. БАЯРТАЙ гэсэн. Надад сайхан санагдсан монголд харилцааны соёл их муу дандаа л уурласан хүмүүс хардаг болохоор тэр хүүхдийн надтай тэгж харьцсан нь сайхан байсан. Бас өглөө эрт 7,30-д ажлаа эхэлсэн явж байгаа нь авууштай. Аан бас нэг хэлэх санаа байгаа юм байна. Өглөө FM, TV-р хошин шогийн хөтөлбөр явуулж баймаар. Хүмүүс өглөөг яаж эхэлнэ тэр энергээрээ өдрийг өнгөрөөдөг гэж боддог. Өглөө автобус унаанд явж байхдаа хөгжилтэй, хошин хөтөлбөр үзээд, сонсоод инээгээд тэр өдрийнхөө сайхан энергийг авч байг л дээ. Би өглөө бүр автобусанд сууж ажилдаа ирдэг. Автобусанд их чанга тавьсан таалагдах таалагдахгүй дуу яваад л хүмүүс нь их дүнсийсэн ууртай харагддаг. Тэр дууны оронд хөгжилтэй, хошин хөтөлбөр сонсоод явбал ч хөгжилтэй, инээмсэглэлтэй хүмүүс бх бхаа.
Сая бичлэг бичээд сууж байсан чинь найз бүсгүй утасдаад цайны цагаараа хүрээд ир хоол хийж бна гэнэ. Очиж хоол идээд ирлээ. Сайхан хоолоор дайлсанд баярлалаа. Гадаа бороо орсоор ороод байгаарай зөөлөн зөөлөн шиврээд.
Thursday, June 12, 2008
Анд найз нартаа
Гадаа ямар муухай байнаа. Өчигдөр их дулаахан байсан би өчигдөр өмсөж байсан нимгэн хувцастайгаа байна. Яаж гэртээ харина даа. Нээрэн энэ удаа найз нартайгаа уулзсан тухайгаа бичих гэсэн юм. Нөгөө амар тайван жаргаж байна гэсэн хүн чинь сүүлийн хэд хоног тийм бус байлаа. Гадаад руу сургалтанд явсан найз минь 4 сар сураад 1 дэхь өдөр ирээд. Тэгээд найзуудаа цуглуулж бид уулзаад уулзалт сайхан байсан шүү. Найз нартайгаа уулзалгүй удсан их санасан байсан.
Нөгөө нь, нэгэн хайрынхаа эзэнтэй мэссэнжердээд (нэгэн гэж бичихээр намайг олон хайртай юм байна гэж битгий бодоорой). Дурсамжаа ярилцаад тэгээд Хайрын түүх гэсэн бичлэг хийж байгаа. Бичих ур чадвар муутай хүн чинь өөрийнхөө санааг гаргаж чадахгүй засаад л бодоод л байна. Удахгүй блогтоо тавинаа.
Найзуудтайгаа уулзсан өдөр үнэн кайфтай байлаа. Эхлээд сайхан хоол идээд дараа нь уушийн газар очиж beer уугаад тэгээд дараа нь яасан гэж бодож байна дискодсон. Намайг хүмүүс бүжиглэсэн гэвэл итгэхгүй байхдаа. Манай найзууд гоё бүжиглэдэг болохоор би тэднээс ичээд хөдөлж өгдөггүй байсан юм. Тэгсэн тэр өдөр сэтгэл хөдлөөд бас их чөлөөтэй байсан болохоор нэг тийм юм боллоо. Уул нь найз нартайгаа уулзвал намуухан газар орж суудаг юм насаа дагаад ч тэр юм уу. Харин одоо дисконд оръё гэвэл татгалзахгүй байж магад шүү (тэр өдрийн тэнгэр мэднэ дээ).
Анд найз нартаа
Алаг дэлхийд намайг ганцаардал бүү үзэг гэж
Ашгүй бурхан гар таталгүй хайрласан
Амины хэдэн нөхөдтэй билээ би
Цэцэг шиг залуу насандаа бид инээлдэж уулзлуу
Цэнгэл найрын дунд гар сунгаж танилцлуу
Цэцэн шүлгээр тургиж сум шиг нисэж эсвэл
Цээжинд хүнд оргиод уйлж суухдаа би та нарыгаа дуудлуу
Яасныг санамаар байна хэдхэн найзаа яримаар байна
Яруу найрагчын зүрх нөхөрлөл хайрын данс юм
Алтан үсэгээр бичиж, титэм хийж өмсмөөр
Анд нөхөд минь миний цорын ганцхан гангараа юм
Будант Богдын орой ертөнцийн гунигт цэг дээр
Буугаад нисэх шувууны жигүүрт би атаархдаггүй
Буруудаж зөвдөж, дутаж, сагаж явлаач
Бусад нь яах вэ? Анд нөхдөөр би дутаагүй
Намрын усан бороо яндан дагаад урсхад
Найзынхаа дэргэд дулаацах гэж би гэрээсээ гардаг
Нанчид бүлээн цай хаанаас ч олддог орчлон дээр
Найзынхаа гараас хор уугаад сэхэх гэж би яардаг аа
Дайнтай цагын тэнгэр мэт бараан нь голдуу амьдралд
Дайзтай сум шиг эгнэж явлаа ч нөхөд минь цувж одсоор байна
Шархадсан зүрхийг минь ертөнцийн ямарч рашаанаар анагаахгүй
Шарлынх нь цэцгийг үнэрлэж нэг тайтгардаг аа
Шүлгэндээ тавих эцсийн цэг миний нөхдийн нулимс юм
Шүтээндээ бурхантай цуг залах нь миний нөхдийн хөрөг юм
Шүүх эцсийн цааз миний нөхдийн үнэн гашуун үг юм
Шүүдэртэй талд намайг тавих нь миний нөхдийн л мутар юм аа
Ц.Хулан
Sunday, June 8, 2008
Даруухан ичингүйрэл, бардам зан, ихэмсэг уучлал

За салхи оруулаагүй удсан блогтоо салхи оруулнаа. Их удаан бичлэг бичсэнгүй. Нэг бол их завгүй эсвэл залхуу хүрээд бичлэг хийгүй байлаа. Бас намайг хөглөж өгөх явдал огт гарсангүй ямар нэгэн сайхан, муухай сэтгэл хөдөлгөсөн өөрийн эрхгүй бичлэг бичүүлэх адал явдал, сэтгэл хөдлөл байхгүй байлаа одоо ч алга. Яг одоогынх шигээ тайван юу ч бодохгүй санаа амар бгаагүй юм шигээ. Үргэлж л адал явдал, хайр дурлал, нөхөрлөл, инээд хөөр наргиантай байж. Над шиг уйдамхай хүнд нам тайван амгалан байдал таалагдаад ч байгаа юмуу эсвэл огт таалагдахгүй нэг л өдөр хашгираад зад тавимаар ч юм шиг. Энэ мөчид энэ шүлэг таалагдлаа.
Даруухан ичингүйрэл, бардам зан, ихэмсэг уучлал
Хээнцэр чамин цацаг чимэгтэй торгон бошинзонд дуртай би
Хэмгүй гунигтай, омог бардам, яруухан аялгуунд дуртай би
Хээ хуаргүй пүүсүүн дээр алтан утсаар зүү ороох дуртай би
Хээр талаар биш, хотынхоо гудамжаар дураараа алхах дуртай би
Хуучин сүм, эртний агуй, өглөөний наранд дуртай би
Хуртай зун, цастай өвөл, хаврын ногоонд дуртай би
Дундад эртний дуулгат баатрууд, богтлогдсон гоо бүсгүйд дуртай би
Дуулгавартай амьдралын алтан зөрөг, мөнгөн жолоонд дуртай би
Домгийн хаад, хөзрийн ноёд шиг хуучны харчуулд дуртай би
Догдлох сэтгэл, догшин сахал, ихэмсэг занд нь дуртай би
Хэнгэргийн товшилт, лимбийн эгшиг, ятгын үглэлд дуртай би
Хийлийн утаснаа "Хэнтийн өндөр уул" сүндэллэхэд дуртай би
Судрын үгс, намрын бороо, ээжийн цайнд дуртай би
Сураггүй алсад нүүн одох алтлаг ягаахан үүлэнд дуртай би
Орж гарах ороо хангал үгс, найрагчийн онгодод дуртай би
Орчлонгийн хов юухан ч биш, эрдүү омогт нь дуртай би
Даруухан ичингүйрэл, бардам зан, ухэмсэг уучлалд дуртай би
Дарс бялхаж, жимс гэрэлтсэн найрын ширээнд дуртай би
Дахин учрахгүй харцны гэгээхэн хагацалд дуртай би
Дандаа мартчихдаг сургаал үгүүдэд дуртай би
Цардмал зам дээр зурсан хүүхдийн жартайд хайртай би
Цагаан цагаан үүлний туугдан одоход дуртай би
Оронд нь өндөр яндангийн утаа багшран үлдэхийг харах
Онцын хэрцгий энэхэн хорьдугаар зуундаа хайртай би
Мяндсан алчуур шиг задрах цэцгийн анхилуун үнэртдуртай би
Машины араас садрах сиймгэр цэнхэр утаанд дуртай би
Ганцаардсан эмгэд, мартагдсан өвгөд, нялх хүүхдэд хайртай би
Гашуухан нулимс, өнчин сар, шөнийн хотод хайртай би
Ээж ээ! Эрт ирээрэй! гэдэг үг, боргоцой гаранд хайртай би
Эрт үүрээр амрагийн өврөөс босч, задарсан гэзгээ аялуулах дуртай би
Анхны цас, хаврын гэгээн гуниг, намрын эзгүйрсэн нууранд дуртай би
Ариухан харц, шөнөөр ниссэн шувуу, мартагдсан дуунд дуртай би
Тоомжиргүй явсаар уйдаж цөхөрсөн энэхэн орчлондоо хайртай би
Торгуулын хуудас шиг бичигдэх он жилүүдэд хайртай би
Гашуун нулимс шиг цуврах өдөр хоногуудад хайртай би
Ганцхан надад л заяасан хэнэггүйхэн зандаа эзэн би...
Б.Энхтуяа
Tuesday, April 29, 2008
Дуусашгүй дундаршгүй тийм л халуухан
Дурлалыг хүлээн сууна уу залуу минь чи
Хагацашгүй ханашгүй тийм л гэгээхэн
Хайрыг хайсаар явна уу залуу минь чи
Харцыг чи анзаарахгүй л явна уу залуу минь
Сатаарашгүй сарнишгүй тийм л ариухан
Сэтгэлийг чи тоохгүй л явна уу дааа залуу минь
Wednesday, April 23, 2008
Хайхрамжгүй алхалсан он жилүүд минь
Энэ шүлгийг урьд нь уншиж байхдаа ойлгохгүй байсан юм тэгэхдээ Хайхрамжгүй алхалсан он жилүүд минь гэсэн нэр нь их дотно санагдаад бичиж авч байсан юм байна. Сая уншсан чинь нэг л өөр өнцөгөөс харагдаад урьд нь уншиж байсанаас. Мөр бүрийг хичээнгүйлэн уншвал их гоё шүлэг байна.
Түргэний тэрэг шиг хажуугаар давхиад өнгөрсөн
Тэр нэгэн хаврын анхны бороо
Дөрөвдүгээр сард чимээгүйхэн орсон
Тэмтрэгдэх хувьгүй зүрх
Гуниглах завгүй догдлоод л
Тэсгим өвлийн жавар шиг ганцаардал
Цээжнээс минь нисэн одоод л
Задгай мөнгө цардмал зам дээр унах шиг
Цээжинд жингэнэх чимээ гарч
Чамд л гэж зүрхний минь хэмнэл анх удаа хөглөгдсөн
Хайраар хөглөгдсөн зүрхнийхээ догдлолыг мэдэхгүй
Хайхрамжгүй алхалсан он жилүүд минь
Он жил гэдэг
Одоо бодоход зовхины минь үрчлээс шиг тодхон зурайх мөртөө
Халамцуухан хөлсний тэргэнд
Орхичихсон өрөөсөн бээлий шиг бүүр түүрхэн санагдана…
Хэлж амжаагүй торж хоцорсон үгсийг цаг хугацаа билүүдээд
Хэнхдэг цээжнээ хөнгөн харуусал тэртээх дөрөвдүгээр сар шиг бороошино
Цөхрөл зүхэл гэж үгүй зүрхэс
Янагийн мэгшилт мэт бороонд нялхамсаад л…
Дэргэдүүр ус цацан давхих он цагийн араас
Нойтон магнайгаа илбэн,
Саравчлах мэт хараад
Хайхрамжгүй алхалсан он жилүүд минь
Дөрөвдүгээр сарын чимээгүйхэн бороонд
Тэмтрэгдэх хувьгүй зүрх догдлоод л
Задгай мөнгө цардмал зам дээр унах шиг
Цээжинд жингэнэх чимээ гарч
Чамд л гэж зүрхний минь хэмнэл анх удаа хөглөгдсөн
Хайраар хөглөгдсөн зүрхнийхээ догдлолыг мэдэхгүй
Хайхрамжгүй алхалсан он жилүүд минь
Г.Сүхзориг
Tuesday, April 22, 2008
Үелзсэн их бодлийн минь учиг нь байгаасай гэж
Ойрд ажил ихтэй. Бас жаахан ганцаардангуй гунигтай байлаа. Энэ бүхнийг би өөрөө л хүссэн. Миний л буруу. Удахгүй бүх юм хэвэндээ орж амьдрал сайхан болноо. Урагшаа….
Чи чимээгүй ирээд чимээгүй буцдаг
Чихэнд минь хайрын шүлэг шивнэчихээд явчихдаг
Би харин эргэж ч харж чаддаггүй
Билгүүн дүрийг чинь зүүдэндээ л төсөөлдөг
Янагийн үгсийг чихэнд минь шивнэж
Ялдам энхрийхнээр араас минь тэвэрчихээд
Яагаад ч юм чи зүгээр л явчихдаг
Бүсгүй сэтгэл бүлээн зүрхээ чагнан
Би чамайг дахиад л хүлээдэг
Сэм сэмхэн алхаж ирээд араас минь чи тэвэрдэг
Сэтгэлийн учиг алдуурч би шүүрс алддаг
Борхон зүрхнийхээ цовхчоонтой зэрэгцэн
Бодлын алсад би чамруу зорчдог
Гэнэ гэнэхэн над дээр чи чимээгүй буудаг
Гэгэлгэн дуу сэтгэлд минь аялчихаад буцдаг
Гэнэхэн насны хүслээ хөглөж
Гэргий чинь болохсон гэж би тэмүүлдэг
Үйлийн үртэй зүрхэнд минь учирал зөгнөөд оддог
Үелзсэн их бодлийн минь учиг нь байгаасай гэж
Үймэрсэн сэтгэлээ аргадан чамайг би хүлээдэг
Дараа дахин зочилохдоо чимээтэйхэн ирээрэй чи минь
Дагаад би чинийхээ гэрэлт ертөнцөд аялмаар байна аа
Оюунаа
Thursday, April 17, 2008
Залуу чамаас асууя би!
Хараа алдам талыг, харж маналгvй орхиод
Хараа булаам цэцэгсээ, хар гэртээ vлдээгээд
Халаас дvvрэн амьдрах гэж, харь орныг зорьсон
Хатуу хvтvvгийн нугачаанд бор дарстай зvтгэсэн
Харь нутагт суугаа залуу чамаасаан асууя би
Хаалганы чинь тvгжээ бєх болов уу гэж асууя
Хилийн чинь манаанд хэний vр зогсоо вэ гэж асууя
Хvй дарсан чулуу чинь, хєдлєє болов уу гэж асууя би
Бvсгvй миний бядгvй турьхан хэдэн хуруунд
Бор гэрийн чинь єрхний уяа багтах болов уу гэж асууя би
Богино заяасан балчиг бяцхан ухаанд минь
Бодол хуруулж зовоосон бvхнийг чамдаа хэлье би
Богд уулын чинь энгэрт хатан Туул хорсон уйлж байна гэж
Бядгvй хэдэн загасыг баруун зvvнгvй хаячин цурхирч байна гэж
Баатар хотын чинь тєв хэсэгт, бохир шаахайны мєр хэсvvчилж байна гэж
Бодлогогvй хэдэн ноёд, байраа булаалдан хашгиралдаж байна гэж
Сvлжиж самнасан гэзэгний минь боолт, сvрлэн шаахай дэрлэн унаагvй гэж
Сvvдэр газраар дагжин чичирч, сvйтэгнэсэн бvхнээс айн бэмбэлзэж байна гэж
Сархад дарсанд живсэн, саахалтын залуугаас харц зугатаан байж
Сайн мууг тунгаасаар, санасан бодсоноо єчиж
Хэзээ ирэх вэ гэж хамгийн сvvлд нь асууя би!
Н.Оюун-Эрдэнэ
Залуус минь энэ шүлгийг уншаад нэгийг бодож тунгаагаасай. Юуны төлөө хүний нутагт очин хар бараан ажлыг хийн боол мэт ажиллан хийх зүйл нь хэцүү дарамтанд, үргэлж мөнгө бодон, хайртай хүмүүсээсээ хол, хайр халамжийг мэдрэхгүй амьдарна вэ? Дасаагүй нутаг оронд очин агаар, хоол унд нь тохирохгүй хүнд ажил хийн эрүүл мэндээ муутган залуу насаа үдэж байна гэж боддог уу? Мэдээж мөнгө олж сайхан амьдрах гэж хариулах байх л даа. Мөнгөтэй л бол сайхан амьдарна гэж үү. Амьдралын үнэт зүйлс хайртай хайрлаж байдаг бүхэн чинь хажууд чинь байх биш гэж үү. Та бүгд гадаад руу явчихаар хэн эх орныг чинь хөгжүүлж та нарын очиж байгаа улс шиг болгох юм. Зөвхөн өөрсдийн сайн сайхан амьдралын төлөө хүний нутгийг зорьж боол болж байгаа юм уу? Хол байгаа таны халамж хайрыг өгч явуулж байгаа мөнгө чинь нөхнө гэж үү. Эцэг эхийн хайр халамж дутсан хүүхдүүдийн чинь хүмүүжил доголдож мөнгө л гадаадаас өгч явуулж байсан ээж, аавийг хайрлах сэтгэлтэй хүүхэд болон өсөн хүмүүжнэ гэж итгэж байна уу. Тэгэхдээ харь оронд байгаа бүх хүмүүсийг буруутгах гэсэн юм биш шүү. Монгол улс руугаа эргэн харж нэгийг бодоосой гэж бичлээ.
Баатар хотын чинь тєв хэсэгт, бохир шаахайны мєр хэсvvчилж байна гэж
Бодлогогvй хэдэн ноёд, байраа булаалдан хашгиралдаж байна гэж хэлэх гэсэн юм.
Sunday, April 13, 2008
Хайрт найзын минь төрсөн өдөр
Миний хамгаас хайрт найзын минь төрсөн өдөр. Бид бие биенээ мэддэг болоод их олон жил болжээ. Бүүр цэцэрлэгт хамт хүмүүжиж, 10-н жилд нэг анги бас нэг байранд, одоо цуг ажилладаг. Цэцэрлэгт 2 настайдаа орсон гэж бодвол 25 жил болж. Ховорхон сайхан нөхөрлөл. Жаргал, зовлон, гуниг, баяраа хамтдаа хуваалцан надад түшиг болон үргэлж хажууд минь байдаг хайрт найздаа төрсөн өдрийн мэнд хүргэе. Найз минь сайн хань, хөөрхөн хүүтэй. Хүү нь үнэхээр өхөөрдөм хөөрхөн. Ханьтай, хүүтэй болоод надад юу гэж үглэдэг болсон гээч хүнтэй суу, хүүхэдтэй бол гэж. Өөрөө гэр бүлийн аз жаргалыг мэдэрсэн болохоор намайг бас тэр аз жаргалыг мэдэр гээд хэлээд байгаа юм. Найз нь бодоод л байгаа шүү.
Хүнд олон найз нөхөд байдаг ч тодорхой цаг хугацааны дараа салан оддог. Хэдий тийм байдаг ч чи бид салахгүй ээ. Намайг олгож, үргэлж санаа тавьж хайрлаж, урвадаггүй чамдаа хайртай шүү. Ингээд л сэтгэлээ нээн бичих гэсэн үг эвлэхгүй байнаа. Чамдаа дуусашгүй аз жаргал, дундрашгүй хайр, үргэлжийн инээд баясалыг хүсэн ерөөе.
Санаа нийлэх нэгнээ олны дундаас олж
Сайн мууг нь таниад анд найз бололцож
Сартай нартай хорвоод бодлоо хуваалцан нөхөрлөн
Салахгүй шахам ханьсаад биесээ түшин явдаг
Анд найз гэдэг ховор олдох эрдэнэ.
