Жаргасаан, ээж нь жаргасан
Жаргасаан, ээж нь жаргасан
Жаргахдаа хүүгийнхээ духыг үнэрлэн байж жаргасан
Уртын урт өдөр хоногуудад урамшин догдолж жаргасан
Ухаантай жаахан хүүгээрээ бахархаж, баярлан хөөрч жаргасан
Жаргасаан, ээж нь жаргасан
Лусын хүү шөнөдөөр айлчлахад зүүдээ манан баярлаж
Баруун хөх ялимгүй часхийхэд хүүтэй болох нь ээ хэмээн билэгшээж
Өдрөөс өдөрт өмссөн дээлний хормой огсоож
Өрөөлийн хүний нүдэнд давхар болжээ гэж
Өвөр зуураа ярилцах тэр л мөчид
Өлгийн дуу аялах ээж болох нь хэмээн сэмхэн догдолж жаргасан
Ижийдээ ирэхдээ орчлонг нялх дуугаараа цочоож
Ижилгүй тэнгэрт нэгэн од зүслэж авсан тэр өдөр
Ангаахай хүүгийнхээ уйлах анхны дууг сонсоод
Аньсага нүднээс минь нулимс өөрийн эрхгүй цуварч
Аавд чинь хүүтэй боллоо гэж хоолой зангируулан
Аяархан шивнэн дуулгахдаа ээж нь дэндүү их жаргасан
Хүүгийн минь сэвлэгнээс даахины үнэр сэнхийхэд
Хамар шархирч, хаана хэзээ ч үнэрлээгүй тэр л тансагт умбаж
Хорвоог тэр аяар нь уучилчихмаар уяхан болж
Хотол цагаан эгшиг энгэр заамыг минь тэмжчиж
Саамшиж чинэрсэн хөхний минь сүүг дундлааж
Цээжийг минь амирлуулах бүрийд ээж нь жаргасан
Түүтэн гутлынх нь хонхон дуу гадаа гэртгүй точигнож
Хөөрхөн можгор хөлөөрөө хорвоог тэмтчин тэнцэн байж
Бодол дэмнэсэн сэтгэл дээгүүр аяархан алхлан хөлд орохдоо
Хөдсөн бойтогныхоо уяанд бүдэрч унаад уйлахад
Хорвоо тэр чигээрээ шоолоход ээж нь дагаж инээснээ
Хөөрхий үрийнхээ хацар даган бөмбөрөх нулимсыг харж элэг
минь эмтрэн
Хөх тэнгэр минь өршөөгөөрөй гэж чинийхээ төлөө залбирч суухдаа
ч жаргасан
Ээждээ хүү нь, хүүдээ ээж нь байгаа цагт
Энэ их жаргал дуусдаггүй юмаа, үр минь
Ээжийгээн буцахад дурсамж бүхнээ санан
Эргэх
хорвоогийн жамд аажимхан дасна аа, миний хүү
Өөрийнхөө хүүг өхөөрдөж, өндөг шиг энхрийлэхийн цагт
Өнө их жаргал тасардаггүй юмаа, хүү минь
Хорвоо нэгийг нь буцааж, нөгөөг нь төрүүлдэг болохоор
Хотлын нандин хэлхээ тасрах учиргүй юм шүү, миний хүү
Хонгор үртэйдээ ээж нь дэндүү их жаргасаан, үр минь ээ