Wednesday, January 16, 2013

Жаргасаан, ээж нь жаргасан

    Блогтоо салхи оруулалгүй их уджээ. Блогоо цаашид ямар чиглэлээр үргэлжлүүлэх вэ гэж бодоод л байна. Сая блог хэсэж бгаад их гоё шүлэг уншлаа. Найрагч нь Батсүрэн Урангоо бүсгүй гэнэ.
                                                  Жаргасаан, ээж нь жаргасан

Жаргасаан, ээж нь жаргасан
Жаргахдаа хүүгийнхээ духыг үнэрлэн байж жаргасан
Уртын урт өдөр хоногуудад урамшин догдолж жаргасан
Ухаантай жаахан хүүгээрээ бахархаж, баярлан хөөрч жаргасан
Жаргасаан, ээж нь жаргасан
            Лусын хүү шөнөдөөр айлчлахад зүүдээ манан баярлаж
            Баруун хөх ялимгүй часхийхэд хүүтэй болох нь ээ хэмээн билэгшээж
           Өдрөөс өдөрт өмссөн дээлний хормой огсоож
           Өрөөлийн хүний нүдэнд давхар болжээ гэж
           Өвөр зуураа ярилцах тэр л мөчид
           Өлгийн дуу аялах ээж болох нь хэмээн сэмхэн догдолж жаргасан
Ижийдээ ирэхдээ орчлонг нялх дуугаараа цочоож
Ижилгүй тэнгэрт нэгэн од зүслэж авсан тэр өдөр
Ангаахай хүүгийнхээ уйлах анхны дууг сонсоод
Аньсага нүднээс минь нулимс өөрийн эрхгүй цуварч
Аавд чинь хүүтэй боллоо гэж хоолой зангируулан
Аяархан шивнэн дуулгахдаа ээж нь дэндүү их жаргасан
            Хүүгийн минь сэвлэгнээс даахины үнэр сэнхийхэд
            Хамар шархирч, хаана хэзээ ч үнэрлээгүй тэр л тансагт умбаж
            Хорвоог тэр аяар нь уучилчихмаар уяхан болж
            Хотол цагаан эгшиг энгэр заамыг минь тэмжчиж
            Саамшиж чинэрсэн хөхний минь сүүг дундлааж
            Цээжийг минь амирлуулах бүрийд ээж нь жаргасан
Түүтэн гутлынх нь хонхон дуу гадаа гэртгүй точигнож
Хөөрхөн можгор хөлөөрөө хорвоог тэмтчин тэнцэн байж
Бодол дэмнэсэн сэтгэл дээгүүр аяархан алхлан хөлд орохдоо
Хөдсөн бойтогныхоо уяанд бүдэрч унаад уйлахад
Хорвоо тэр чигээрээ шоолоход ээж нь дагаж инээснээ
Хөөрхий үрийнхээ хацар даган бөмбөрөх нулимсыг харж элэг минь эмтрэн
Хөх тэнгэр минь өршөөгөөрөй гэж чинийхээ төлөө залбирч суухдаа ч  жаргасан
                    Ээждээ хүү нь, хүүдээ ээж нь байгаа цагт
                    Энэ их жаргал дуусдаггүй юмаа, үр минь
                    Ээжийгээн буцахад дурсамж бүхнээ санан
                    Эргэх хорвоогийн жамд аажимхан дасна аа, миний хүү
Өөрийнхөө хүүг өхөөрдөж, өндөг шиг энхрийлэхийн цагт
Өнө их жаргал тасардаггүй юмаа, хүү минь
Хорвоо нэгийг нь буцааж, нөгөөг нь төрүүлдэг болохоор
Хотлын нандин хэлхээ тасрах учиргүй юм шүү, миний хүү
Хонгор үртэйдээ ээж нь дэндүү их жаргасаан, үр минь ээ

Sunday, December 16, 2012

Хошуучлалын дөрвөн зарчмыг амьдралдaa хэрэгжүүлээрэй

1. Хүмүүст нөлөөлхийг хүсч байгаа бол тэдний ойлгох хэлээр ярь. Хэрэв та тэдний нүдээр харж чадвал, хүмүүс таны хүссэн зүйлийг илүү хялбар гүйцэтгэх болно. Эхлээд өөрөөсөө “Энэ хүнтэй би байраа сольсон бол юу гэж бодох байсан бол?” гэж асуу.

2. Бусадтай харьцахдаа “хүн байх” гэсэн зарчмыг хэрэгжүүл. “Үүнийг авч үзэх хүнлэг хэлбэр нь ямар байж болох вэ?” гэж өөрөөсөө асуу. Үйл хөдлөлөөрөө эхлээд хүмүүсийг боддогоо харуул. Бусад хүмүүст эелдэг байдлаар ханд. Та үр дүнд хүрэх болно.

3. Урагш ахих тухай бод, хөгжил дэвшилд итгэ, урагш тэмүүл. Хийдэг бүх зүйлээ улам боловсронгуй болго. Хийдэг бүх зүйлдээ өндөр шаардлага тавь. Хэсэг хугацааны дараа ажиллагсад даргынхаа хуулбар нь болдог. Эх хувь нь хувилахад тохиромжтой эсэхэд итгэлтэй бай. Үүнийг хэрэгжүүл: “Гэртээ, ажил дээрээ, нийгмийн орчинд хөгжил дэвшлийг агуулсан бүх үйл ажиллагааг би дэмжинэ.”

4. Өөртэйгээ зөвлөх, дотроо байгаа бодлын агуу их хүч чадлаа ашиглах цаг завыг өөртөө гарга. Зохион байгууллалттай тогтмол ганцаардал үр ашгаа өгөх болно. Үүнийг бүтээлч хүчээ сэргээхэд ашигла. Хувийн, ажилтай хоолбоотой асуултууддаа хариу олоход үүнийг хэрэглэ. Өдөр бүр тодорхой хэмжээний хугацааг бодож сэтгэхийн тулд ганцаар өнгөрөө. Бүх агуу их удирдагчдын хэрэглэдэг бодож сэтгэх аргуудыг ашигла, Өөртэйгээ зөвлө.

Явцуу хүмүүс таныг явцуу сэтгэхийг албадах үед өргөн цар хүрээтэй сэтгэ. Таныг ялагдаасай , азгүй тохиолдолтой учраасай, загнуулаасай гэх хүмүүс гарна гэдэгт итгэлтэй бай. Зөвхөн дараах дөрвөн зүйлийг л мартахгүй бол энэ хүмүүс танд хор хүргэж чадахгүй.

1. Явцуу хүмүүстэй хэрүүл хийхээс зайлсхийвэл та хожих болно. Өчүүхэн хүмүүстэй хийх хэрүүл таныг ч гэсэн өчүүхэн болгож явцууруулдаг. Том хэвээрээ байгаарай.

2. Дайралтанд өртөнө гэдгээ мэддэг бай. Энэ бол та урагш ахиж байгаагийн нэг илрэл юм.

3. Тань руу довтлогсод сэтгэл зүйн хувьд өвчтэй гэдгийг нь бүү март. Өргөн цар хүрээтэй сэтгэ. Тэднийг өрөвд. Ялихгүй, өчүүхэн хүмүүсийн довтолгооны эсрэг дархлалтай болох хүртлээ өргөн цар хүрээтэйгээр бодож сэтгэ!

4. “Хэрэгтэй зүйлүүд надад байхгүй” гэж санагдсан тэр үед өргөн цар хүрээтэй сэтгэхээ бүү март. Хэрэв та өөрийгөө хүч чадалгүй гэж бодвол хүч чадалгүй л гэсэн үг. Чадваргүй гэж бодвол та чадваргүй л гэсэн үг. Та өөрийгөө хүнд хэрэггүй гэж бодвол та тийм л гэсэн үг.

Энэ хэрэгслүүдийг ашиглан өөрийгөө үнэлж сур:
1. Эрхэмсэг оршихуйгаар аж төр. Энэ нь тийм байдлаар бодож сэтгэхэд тань тус болно. Гадаад төрх байдал тань таны дотроо юу боддогоос тань шууд хамаардаг.

2. Эсрэг талууддаа анхаарлаа хандуул. Өөрийгөө өөртөө танилцуул сайн талуудаа мэддэг бай.

3. Бусад хүмүүсийг зөв өнцгөөс хар. Бусад хүмүүс ч гэсэн ялгаагүй л хүн шүү дээ. Яагаад та тэднээс айх ёстой юм бэ? Хэр зэрэг сайн болохоо боддог байхуйц өргөн цар хүрээтэйгээр бодож сэтгэ.

Эргэн ирлээ

Сайн байна уу Анд нараа. Удаан уулзсангүй. Би эргэн ирлээ. Удахгүй шинэ бичлэгээ хийнээ.

Thursday, February 19, 2009

БИ ЧАМД ХАЙРТАЙ (хайртдаа)

Эмзэгхэн зүрхнийхээн цохилтийн тоогоор би чамд хайртай гэж хэлье
Эрхлүүлэх бүрт чинь хайранд чинь нялхран би чамд хайртай гэж хэлье
Зул шиг шатах амьдарлынхаа гол шиг дүрэлзэх энэ л насандаа чамайгаан хайрлаад
Зуны шөнө мичидийн дохионд үлгэрийн юм шиг мөрөөдлөө хуваалцая
Үүрээр чинийхээн өвөрт би нойрноос сэрэе
Өвсөнд тогтсон шүүдрийг аргадан өрхөөн татая
Цочсон согоонх шиг эрэвгэр нүднээсээ гунигаан хөөчихөөд
Чинийхээн энгэрт сувдан зүүлт шиг эрхлэн зүүгдэе
Үргэсэн зээрийнх шиг тогтворгүй амьдралдаа би цэг тавилаа
Үүлэн чөлөөний нар шиг зовлонгоо мөрнөөсөө унагалаа
Солирийн бороо шиг шатсан хайрандаа өөрийгөө даатгаад
Солиорсон юм шиг сүрчиг үнэртүүлэн чамайг зорилоо
Гал шиг асах хайрын минь дөл нь юм уу учрал минь чи
Галзуурсан юм шиг дурлалын минь жаргал нь юм уу уярал минь чи
Эрх дураар зангийн минь цулбуур нь юм уу эрдүүхэн минь чи
Эжий хэмээгдэх заяаны минь эзэн нь юм уу эрдэнэ минь чи
Үдшийн гялбааг чиний л хамт би хайраараа хучие
Үргэчихэж магадгүй жаргал минь чамайг би залуу насаараа аргамжая
Сар газарт буусан сүү шиг шөнийг чиний л төлөө манаж
Сайхан чамайгаан зүүдлээд сэрэхэд БИ ЧАМД ХАЙРТАЙ
гэж тайвшруулья

Monday, January 12, 2009

О.Дашбалбар : Би эгэл хүн

Үнэхээр сайхан шүлэг байна. Анх удаа уншлаа. Урьд нь уншилгүй хаагуур явж байсан юм бол. Сүүлийн үед уянгын, ухаарлын шүлэг унших дуртай болж. Хөнгөн гунигт автан бодол болон суух минь их болжээ.
Биеэрээ ч, сэтгэлээрээ ч эгэл хүн!
Уйлахад нулимс арчдаг гараас минь үнэтэй алчуур үгүй,
Уухад үргэлж зэмлэдэг нөхдөөс минь илүү ухаантан үгүй,
Унтахад толгой илбэдэг ээжээс минь илүү ачтан үгүй,
Би-эгэл хүн!
Олон намрын бороонд шавшуулж явахдаа
Орчлон дэлхийн аугаа сайханд дурласан,
Оройтсон сартай цуг хээр хоноглохдоо
Онгон тал дээр хот босохыг зүүдэлсэн.

Би-эгэл хүн!

Аян замд явах сайхан ч, эргэж, ирэх бүр сайхан,
Амраг бүсгүйдээ магтуулах сайхан ч, зэмлүүлэх бүр сайхан.
Аливаад хянуур болгоомжтой улс намайг хурц зантай гэлцдэг ч
Алганы хонхорт үл тогтох бөөрөнхий байхыг хүсээгүй!

Би-эгэл хүн!

Халамцуу ирчихээд агсан тавьж нехдедее тунирхаагүй
Хавийн улсыг түйвээж, охидыг айлгаагүй,
Хааяа хэтрүүлсэн бол өөрөө л шаналж
Хашгичиж зовоодоггүй гэргийдээ баярласан!

Би-эгэл хүн!

Харыг хар, цагааныг цагаанаар нь хэлж
Хан хорвоод нөхөр, дайсан байдгийг ялгана,
Нөхөдтэйгээ ууна ч, дуулна ч...
Нөмөр болсон гэртээ наргина ч, жаргана ч...
Би-эгэл хүн!

Амьдрал минь уртхан тууж шиг ч бай,
Аль эсхүл богинохон шүлэг шиг ч бай,
Уншиж дуусахад хувь заяа минь
Уйтгар төрүүлэхгүйг мэдэж байна.

Би-эгэл хүн!

Малчны цагаан гэрээс орчлонгийн зах руу гишгэсэн юм.
Монгол нутгийн нар эгэл цусанд минь халуун дөлтэйгээ бий!
Талх идэж, шүлгээ бичдэг би,
Тасарсан навчийг алган дээрээ энхрийлдэг би!
Амь нас, сүр сүлд минь энэ навчинд шингэсэн юм шиг
Амьсгал даран ширтдэг би!

Би-эгэл хүн!

Та нараас мөнгө зээлж, маргааш нь буцааж өгдөг,
Та нартай адил аливаад шаналж, өвөр хоосон, халаас дүүрэн явдаг.
Хуралд сууж, сонинд магтуулж, болчимгүй жаал шиг аашлан аавдаа загнуулж,
Хүүхэд шиг агшин зуур гомдоод, дорхноо мартдаг!...
Болох болохгүй хэрэгт өөрийгөө өмгөөлөн, хэцүү үг хэлчихээд,
Сүүлд нь амаа барьдаг!

Би-эгэл хүн!

Чанх дээрээс ивээдэг нарыг шүтэж
Чадал, ухаан хоёроороо амьдарч явна.
Олноос илүү ч үгүй дутуу ч үгүй
Орчлонгийн баяр жаргалыг эдэлж явна.

Унтаж байгаа хүүгээ энхрийлэн үнссээр сэрээчихээд
Уйлахад нь аргадах гэж хүзүүн дээрээ суулган шогшдог би,
Ход ход инээх дуу зүрхэнд минь баярын хонх дэлдэж
Хонгор сэтгэлт гэргий минь ''алдчихваа" гэж сануулдаг.

Яг энэ агшинд шүлэг бичих санаа тархинд од шиг харваж
Яруу найрагч болдог би!
Яаран үзгээ шүүрээд, ширээний ард суудаг.
Цагаан цаас тал шиг, би үр цацаж яваа тариачин шиг.
Цаглашгүй жаргал сэтгэлийн хөндийд найрал хөгжим эгшиглүүлэхэд

Би-яруу найрагч
Цасан будрахад сэтгэл хенгерч, енийг мөрееддөг би,
Цаг мөч, шувуудын далавч шиг дэрэвсээр тэнгэрийн гүнд уусахад
Шүлгээн би та нарын гар дээр бүлээн талх шиг тавьдаг,
Шүүдэр цуглуулж, цай чанаж өгснөөс дутуугүй баярладаг!

Сэтгэлд минь салхи шуурга хуйлран, хүйтэн салхитай едер шиг хямрахад
Сэтгэлд минь шар навчис хийсэн, нулимс минь бембөрөн байхад
Хүний месее би эцэг шигээ дээдэлж явсан,
Хүч хүрэхгүй бол сэтгэлдээ шаналж
Хүмүүс та нарт яаж шүү туслая даа гэхээс алаг зүрх минь тогтож ядсан!...

Хаа нэгтээ болж буй дайны цуурай дэлхийд тархахдаа
Хадаас адил зүрхэнд минь шигдэж зовоодог байсан.
Олон үгтэй гэж хэн нэг нь намайг зэмлэг,
Орчлон ертөнц шархтайгаа зүрхэнд минь багтдаг шүү!

Галт тэргэнд суугаад хол явахдаа би,
Гар даллан үлдсэн хүмүүсийг сэтгэлдээ тээж явдаг.
Газар дэлхий дээр азаар төрсөндее баярладаг
Газар минь надад дандаа хуримын ширээ шиг санагдаагүй ч
Галын дэргэд үлгэр сонсож суухдаа диваажингийн жаргалыг мэдэрдэг би!

Үдшийн гуниг, өглөөний баяраа хуваалцаж явсан болохоор
Үнэндээ хүмүүс минь та нарт л итгэж, та нарт л сөгднем...
Өнөөдөр та нарыгаа би өргөн хорвоотой цуг тэвэрье,
Өмнө чинь нарны гэрлээр шаглаж, тэнгэрийн цэнхрээр эмжсэн дууны баглаа тавья!
Эмэгтэйчүүлд нь цэцгийн дээжис солонгоор ороож баръя,
Эрчүүлтэй нь хундага тулгаж, оддын туяаг тэнгэрээр амтлан ууя!

Monday, December 15, 2008

Энэ шүлгийн нэлээн эрт хуулж авч байсан юм байна. Даанч зохиогчийг нь бичиж аваагүй бна. Хуучин цуглуулгаасаа уншиж байгаад таалагдлаа.
Зүрх зүүн талд байдаг юм байна
Зүүрмэглэх шөнийн сэрүүн навчис надад хэллээ
Зүрх зүүн талд байдаг юм байна
Зөөлөн дэрэн дээр чимээгүй бөмбөрөх нулимс минь
хэллээ
Зүрх хүнд байдаг юм байна
Зөрүүд хатуу хорвоогийн хориод нас минь хэллээ
Зүрх надад байсан юм байна
Зүсэр бороон дундуур олдсон зөрөг зам хэллээ
Зүрх бас өвдөж шаналдаг юм байна
Зөөлөн эрдүү дууг чинь сонсоод эдгэрдэг юм байна
Зүрх надад байсан юм байна
Зөвхөн чи л надад байхгүй байсан юм байна

Wednesday, December 10, 2008

Зөвхөн чинийх байя

Анх хоёул учран харц тулгаран ичингүйрэхэд нь
Алагхан зүрхний чинь гүний дурлалын соёо нь би байя
Хайрын болзоонд яаран яаран ирэхэд нь
Халуун үнсэлт тэврэлтээр угтах амраг чинь би байя
Санан санан үгүйлэх сэтгэлийг нь эзэмдсэн
Сайхан бүсгүй чиний хайр чинь би байя
Нууж догдолж хайрласаар хуримын бөгж зүүхэд нь
Насан үүрд ханилах хань чинь би байя
Хосоор амьдрах энэ орчлонд ханьсан амьдрах
Хос баганын чинь нэг нь би байя
Үрийн зулай үнэрлээд бүүвэйн дуу аялахад чинь
Үнэгчлэн нойрсох хүүгийн эцэг нь би байя
Өглөө бүр аагтай цайныхаа дээжийг барихад чинь
Өргөө гэрийн нь хойморт эзэн нь би байя
Өнгөт энэ хорвоогоос өөр би юу ч хүсэхгүй ээ
Өнөөдрөөс эхлээд би зөвхөн чинийх л байя